Германы улс төрч нацист ёсолгоо хийсэн хэргээр шүүхэд дуудагдав

Германы улс төрч нацист ёсолгоо хийсэн хэргээр шүүхэд дуудагдав


   Германы Альтернатив нам(AfD)-ын гишүүн Бундестагийн байранд нацист ёсолгоо үйлдсэн хэргээр шүүхэд дуудагдсан байна. Тус улсын “Süddeutsche Zeitung” сонины мэдээлснээр, Берлиний прокурор AfD намын гишүүн Маттиас Мосдорфыг үндсэн хуулиар хориглосон байгууллагын бэлгэдэл ашигласан хэргээр буруутгаж буйгаа мэдэгджээ. Түүнийг 2023 оны зургаадугаар сарын 22-ны өдөр Бундестагийн ордон дотор намын нөхдийнхөө дунд алгаа доош харуулж гараа сунган нацист ёсолгоо хийсэн хэмээн үзжээ. Адольф Гитлерийн мэндчилгээ гэгддэг энэхүү ёсолгоо нь нацист намын бэлгэдэл бөгөөд энэ тухайд гэм буруутай нь тогтоогдвол дээд тал нь гурван жилийн хорих ялтай аж. Харин М.Мосдорф Социал демократ намын нэгэн хууль тогтоогч AfD намын бүх гишүүдийг нацистууд хэмээн цоллосон хэмээн хариу гомдол гаргаад, мөн өөрийнх нь буруугүй гэдгийг цагдаагийн албан хаагч, хамгаалалтын ажилтнууд, хамт байсан зочид зэрэг найман хүн гэрчилнэ хэмээн прокурорын мэдэгдлийг няцаасан байна. Хөгжимчин мэргэжилтэй, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн сургуулийн хүндэт профессороор ажилладаг байсан тэрбээр Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д хэд хэдэн удаа тоглолт хийжээ. Оросыг дэмжсэн энэхүү байр суурь нь AfD нам дотор ч маргаан үүсгэж байсан аж. Өнгөрсөн есдүгээр сард түүнийг ОХУ-д зөвшөөрөлгүй айлчилсан гэж үзэн намаас нь 2000 еврогийн торгууль ногдуулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.