Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 600 тэрбум доллар болж түүхэн дээд амжилт тогтоов

Илон Маскийн хөрөнгийн хэмжээ 600 тэрбум доллар болж түүхэн дээд амжилт тогтоов


   “Тесла” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн нийт хөрөнгийн хэмжээ өчигдөр 600 тэрбум долларыг давж түүхэн дээд амжилт байгууллаа. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, түүний 42 хувийг нь эзэмшдэг “SpaceX” сансрын технологийн компанийн зах зээлийн үнэлгээ огцом өссөн нь И.Маскийн хөрөнгийг ийм хэмжээнд хүргэжээ. Жижиг хувьцааг эзэмшигчдээс хувьцаа худалдан авах зар гаргасан, мөн IPO хийхээр болсонтой холбоотойгоор “SpaceX”-ийн үнэлгээ 800 тэрбумаар өссөн бөгөөд ингэснээр И.Маскийн хөрөнгө өчигдөр шууд 168 тэрбум доллароор нэмэгдэж 677 тэрбум доллар болсон юм. “SpaceX”-ийн үнэлгээ өнгөрсөн наймдугаар сард 400 тэрбум доллар байсан бол дөрөвхөн сарын дотор ийнхүү хоёр дахин өсчээ. IPO гаргаснаар “SpaceX”-ийн үнэлгээ даруй 1.5 их наяд доллар болно хэмээн шинжээчид таамаглаж байна. И.Маск мөн “Тесла” компанийн зах зээлийн үнэлгээг ирэх 10 жилийн хугацаанд 8.5 их наяд доллар хүртэл өсгөхөөр төлөвлөж, уг төлөвлөгөөг өнгөрсөн сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан билээ. Мөн түүний үүсгэн байгуулсан хиймэл оюун ухаан хөгжүүлэх “xAI” компанийн үнэ цэн тогтвортой өсөж байгаа юм. Ийнхүү И.Маск 600 тэрбум гаруй долларын хөрөнгөтэй дэлхийн анхны хүн боллоо. "Forbes" сэтгүүл "Өмнө нь хэн ч 600 тэрбум долларын цэвэр хөрөнгөтэй болж байгаагүй. Одоо И.Маск дэлхийн хамгийн баян хүн гэсэн ​​алдрыг алдах тухай болгоомжлолоос илүү, их наядтан болоход ойрхон байна" хэмээн онцолжээ. И.Маск өнгөрсөн оны яг өдийд 400 тэрбум долларын хөрөнгөтэй болсон бөгөөд ердөө арваадхан сарын дараа буюу энэ оны аравдугаар сард  нийт хөрөнгө 500 тэрбум доллар давж, ээлжит дээд амжилт тогтоосон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.