Австрали улс 16-гаас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хориглов

Австрали улс 16-гаас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хориглов


   Австралийн Засгийн газар энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 16-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хориглохоор болсон байна. Ингэснээр тус улс хүүхэд залуусыг цахим донтолтоос хамгаалах үүднээс эцэг эхийн зөвшөөрлөөс үл хамааран цахим хэрэглээг бүрмөсөн хориглосон анхны улс болж байна. Энэхүү арга хэмжээг нэг талаас хүүхдийг ёс бус контент болон хэт их цахим хэрэглээнээс хамгаалж буй явдал хэмээн олон нийт талархалтай хандаж байгаа ч нөгөө талаас хүүхдийн эрх чөлөөнд халдан хүний ​​эрхийг зөрчиж байна гэсэн шүүмжлэлтэй тулгарч байна. "The Guardian” сонины мэдээлснээр, Facebook, Instagram сүлжээний оператор “Meta” компани Австрали улсын 16-аас доош насны хэрэглэгчдийн эзэмшдэг 500 мянга орчим цахим хаягийн нэвтрэх эрхийг хааж эхэлжээ. Энэ арга хэмжээг авахаасаа өмнө хүүхдүүдэд хандан бүртгэлээ нөөцлөхийг зөвлөж, 16 нас хүрмэгц платформд хандах эрхийг сэргээн анхны төлөвт нь буцаан оруулна гэдгээ мэдэгдсэн байна. Дээрх арга хэмжээ нь Facebook, Instagram төдийхнөөр зогсохгүй Snapchat, Thread, TikTok, X, YouTube, Reddit, Kik (стриминг үйлчилгээ), болон Twitch зэрэг олон нийтийн мэдээллийн платформд хамаарна. Хууль хэрэгжиж эхэлмэгц 16-гаас доош насныхан сүлжээнээс автоматаар гарах бөгөөд шинэ хаяг ашиглах, үүсгэхийг оролдвол насны баталгаажуулалт шаардлагатай болно. Баталгаажуулах аргуудыг сайтар бэхжүүлж, төрсөн он, сар, өдөр оруулахаас гадна нүүр царай, дуу хоолой таниулахыг шаардана. Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд платформын операторуудад 49.5 сая австрали долларын торгууль ногдуулна. Харин насанд хүрээгүй хүүхдүүд болон тэдний асран хамгаалагчдад торгууль оногдохгүй. Энэ арга хэмжээ шинэ үеийнхний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа төдийгүй “Digital Freedom Project” байгууллага шинэ хуулийг эсэргүүцэн Австралийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Залуучууд Үндсэн хуулиар олгогдсон эрхтэй бөгөөд шинэ хууль үүнийг зөрчиж байна гэж тэд үзсэн бол эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгчид эергээр хүлээж авч байна. Эцэг эхчүүдийн нэгдэл болох “Hips Up Alliance” байгууллага мэдэгдэл гаргахдаа "Энэ нь хүүхэд залуусын өдөр тутмын амьдрал, сэтгэцийн эрүүл мэндэд эергээр нөлөөлнө. Цаашлаад хүүхдүүдийн хөгжил, суралцах орчинд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэж байна" гэжээ.  Австралийн туршилт бусад орнуудын анхаарлыг татаж байна. Их Британи, Франц, Дани, Норвеги, Шинэ Зеланд зэрэг улсууд үүнтэй төстэй зохицуулалт хийх талаар хэлэлцэж байгаа ажээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.