АНУ: Хүнсний дэлгүүрт цагийн ажил хийдэг 88 настай эр гэнэт саятан болжээ
АНУ-ын Мичиган мужийн иргэн, сүпермаркетын кассчинаар ажилладаг 88 настай Эд Бамбаст ер бусын баярт явдал тохиолдсон тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Учрыг тодруулбал Австрали улсын иргэн, олны танил нөлөөлөгч Сэм Вайденхофер хэмээх залуу амьдрахын эрхэнд ер дөхсөн өтөл насандаа хүнсний дэлгүүрт ажиллаж буй Э.Бамбаст туслах аяныг цахимаар өрнүүлж, богинохон хугацааны дотор 1.7 сая доллар цуглуулж өгсөн байна. Гэнэт ийм их хэмжээний мөнгө хүлээж авсан өндөр настай эр итгэж ядан уйлж "Бурхны аврал гэхээс өөр үг хэлж чадахгүй байна" хэмээн хашхирчээ. Э.Бамбас "Женерал Моторс” компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бөгөөд 2018 онд эхнэр нь өөд болсны дараа 200 гаруй мянган долларын өрөө төлөх, цаашлаад амьдралаа залгуулахын тулд тус сүпермаркетад ажилд орсон байна. Харин энэ онд тэрбээр TikTok сүлжээнд 7.7 сая дагагчтай нөлөөлөгч Б.Вайденхофертай санамсаргүй тохиолдлоор таарч учир зовлонгоо ний нуугүй өгүүлсэн бөгөөд нөлөөлөгч залуу түүнтэй уулзсан тухай бичлэгээ цахим сүлжээнд байршуулж хандив цуглуулах кампанит ажил эхлүүлжээ. Цахимаар өрнүүлсэн хандивын аянд хүмүүс санаснаас илүү идэвхтэй оролцож, ердөө хоёр долоо хоногийн дотор 1.7 сая доллар цугларсан аж. Хандивын мөнгөө хүлээн авсны дараа Э.Бамбас халуун сэтгэлээр тусалсан хүмүүс талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын зорилгынхоо тухайд "Өөр хотод суудаг ойрд уулзаагүй ахтайгаа очиж уулзана, бас гольф тоглоно. Гэхдээ дэлгүүрийн кассын ажлаа шууд орхихгүй. Хэдэн сар ажиллана" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







