АНУ-ын сайд есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хэрхэн амьд үлдсэн бэ?
АНУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн сайд Ховард Лутник том хүүгийнхээ сүй тавьж буй зургийг цахим хуудсандаа өчигдөр нийтэлж тусгайлан баяр хүргэсэн байна. Ингэх онцгой шалтгаан байсан талаар өгүүлбэл, Х.Лутник 2001 онд санхүүгийн үйлчилгээний “Cantor Fitzgerald” компанийн захирлаар ажиллаж байжээ. Тухайн үед тэдний албан тасалгаа Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийн 101-105 давхарт байв. 9 дүгээр сарын 11-ний өдөр халдлага болох үед түүний төрсөн дүү Гари Лутник болон компанийн 656 ажилтан амиа алдсан ажээ. Харин Х.Лутник өөрөө 11-ний өдрийн өглөө том хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон нь зол болж амьд үлдсэн байна. Энэ халдлагын үеэр 13 мянган хүнтэй тус компани ажиллах хүчнийхээ гуравны нэгийг алджээ. Эмгэнэлт явдал болсны маргааш тэрбээр амьд үлдсэн хүмүүстэйгээ утсаар ярьж, цаашид 33 хоногийн хугацаанд өдөр бүр 20 оршуулганд оролцож өдрийг барах, эсвэл компаниа сэргээн босгож, амиа алдсан 658 ажилтныхаа гэр бүлд дэмжлэг үзүүлэх хоёр сонголтын аль нэгийг даруй хийхийг санал болгосон байна. Ингэснээр санхүүгийн болон хүн хүчний хямралд ороод байсан компаниа богино хугацаанд хөл дээр нь босгосноор, амиа алдсан ажилчдынхаа гэр бүлд санхүүгийн тусламж үзүүлэх, үр хүүхдийг нь ажилд авах зэрэг бусдад тустай маш олон бодит ажлыг хэрэгжүүлж чаджээ. Х.Лутник X (хуучин Твиттер) өчигдөр хуудсандаа хүү, бэр хоёртойгоо авхуулсан зургаа нийтэлж "Баяр хүргэе, хүү минь. Аав нь чамаараа ямагт бахархдаг. Хайртай бэр Крис минь, манай гэр бүлд тавтай морил" гэсний цаад нарийн учир нь чухам ийм байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







