Япон: Эцэг эхчүүдийн хэрээс хэтэрсэн шаардлага багш нарыг залхааж байна
Японы дунд сургуулийн багш нар эцэг эхчүүдийн зүгээс ирдэг хэрээс хэтэрсэн шаардлагаас болж сэтгэлийн их дарамтад ордог тухай гомдол гаргасан байна. Тухайлбал эцэг эхчүүд хичээлийн шинэ жил эхлэх үеэр сургуулийн хашаан дотор сакүра цэцэг дэлгэрээгүй байх, үдийн хоолны цэс таалагдахгүй байх зэрэг сэтгэлд нь нийцээгүй бүхнийг шалтаг болгон байнга гомдол гаргадаг явдал нь багш нарт ихээхэн дарамт болж, үндсэн ажилд нь сөргөөр нөлөөлж байна гэж үзжээ. Иймээс Токио хотын Боловсролын газраас удирдамж гаргаж, эцэг эхчүүдийн дарамтаас багш нарыг хамгаалах, тэдний зүй бус шаардлагад хязгаар тавих арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус улсад эцэг эхчүүд багш нарыг дарамтлах үзэгдэл хэрээс хэтэрч, биелүүлэх боломжгүй шаардлага тавьдаг байдлыг нэрлэсэн "Мангас эцэг эх" гэсэн нэр томьёо хүртэл гарчээ. Сургуулийн орчинд сакүра цэцэг ургаагүй байна гэдгээс эхлээд хүүхэд нь шумуулд хазуулсны хариуцлагыг хүртэл багш нараас нэхэх, бүдэрч унаад хөлөө гэмтээсэн хүүхдийн эмнэлгийн зардлыг сургуулиас нэхэмжлэх зэрэг шаардлагуудын талаар “Fuji TV” мэдээлж, энэ талаар дорвитой арга хэмжээ авахыг холбогдох төрийн байгууллагаас шаардсан байна. Эдгээр зүй бус шаардлага, дарамт багш нарыг сэтгэл зүйн хямралд хүргэдэг аж. Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны яамнаас гаргасан улсын сургуулийн багш нарын ажлын нөхцөлийн талаарх тайланд дурдсанаар, 2024 онд ийм төрлийн дарамтын улмаас ажлаасаа чөлөө авсан багш, ажилчдын тоо 5897 болсон нь өмнөх оныхоос огцом нэмэгдсэн хэрэг юм. Мэргэжилтнүүд энэ асуудлыг хүн амын нийгмийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбон тайлбарлаж байна. Токиогийн их сургуулийн профессор Изүми Цүжи "Төрөлт буурч байгаатай холбоотойгоор эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ амжилт, аюулгүй байдалд улам их анхаарал хандуулж байна. Тэд хүүхэд хүмүүжүүлэх уламжлалаасаа улам холдож, сэтгэлдээ таараагүй юм болгоныг сургууль, багш нартай холбож үзэх болсон” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







