Франц: Луврын музейд дахин хачирхалтай хэрэг гарчээ
Францын Луврын музейд дахин халдлага гарчээ. “Le Figaro” сонины мэдээлснээр, Бельги улсын хоёр иргэн музейн доторх Леонардо да Винчигийн "Мона Лиза" хөргийн дэргэд өөрсдийн зургийг нууцаар өлгөж байршуулсан байна. Тус музейгээс хааны титмийг хулгайлсан хэрэг гарснаас хойш нэг сар ч болоогүй байхад ийнхүү дахин аюулгүй байдлын зөрчил илэрчээ. “ТикТок” сүлжээнд элдэв адал явдалт бичлэг нийтэлж алдаршсан уг хоёр хүн Луврын музей аюулгүй байдлаа бүрэн хангасан эсэхийг шалгах гэж ийм үйлдэл хийсэн гэдгээ илчилжээ. Тэд цахим сүлжээнд байршуулсан видео бичлэгтээ "Бид легогоор угсардаг зургийн жааз хийсэн. Харуул хамгаалалтын хэсгээр нэвтрэхийн тулд легогоо хэсэг хэсгээр задалж, дотогш нэвтэрсэн хойноо дахин угсарсан. Харин зургаа хуйлж эвхээд авч орсон" гэж тайлбарлажээ. Мөн тэд музей рүү орохоос эхлээд аюулгүй байдлын шалгалтаар дамжин өнгөрөх хүртэлх бүх үйлдлээ дүрс бичлэгт буулгасан байна. Улмаар дотогш нэвтэрсэн хойноо жаазаа угсарч өөрсдийнхөө зургийг хийгээд алдарт "Мона Лиза" зургийн ойролцоо өлгөжээ. Ингээд яаравчлан гарч одсон тухайгаа ний нуугүй хэлсэн байна. Тэд өмнө нь Бельгийн “Гент” дүрслэх урлагийн музейд орж, үүнтэй төстэй үйлдэл хийж байсан аж. Түүгээр үл барам өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр Германы Мюнхен хотын "Альянц Арена" цэнгэлдэх хүрээлэнд болсон 2024-2025 оны Европын хөлбөмбөгийн аваргуудын лигийн тоглолтын үеэр тэд цэнгэлдэх хүрээлэнгийн ариун цэврийн өрөөнд 27 цагийн турш нуугдаж байгаад тоглолтыг үнэгүй үзсэн байна. Эдгээр хачирхам үйлдлүүдээ нэг бүрчлэн дүрс бичлэгт буулгаж, дараа нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







