Герман: Европын хамгийн хүчирхэг армийг байгуулна

Герман: Европын хамгийн хүчирхэг армийг байгуулна


   Герман улс цэргийн алба хаах тогтолцоондоо өөрчлөлт оруулав. Уг өөрчлөлт ёсоор тус улсын 18 нас хүрсэн бүх эрчүүд цэрэг татлагад хамрагдаж эрүүл мэндийн үзлэгт орох бөгөөд харин дайчлан татах эсэхийг хоёрдугаар шатны үзлэгээр тодорхойлно. “Дайн” гэдэг үгийг хэрэглэхийг хүртэл хориглодог байсан тус улс Оросын зүгээс ирэх заналхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Европын хамгийн хүчирхэг арми болох зорилго тавин цэргийн хүчээ өргөжүүлж байна. Тус улсын эрх баригч эвсэл болох Христийн Ардчилсан нам болон Социал демократ нам цэргийн албаны шинэ төлөвлөгөөний талаар тохиролцоонд хүрч, шинэ системийг "Хэрэгцээнд суурилсан цэргийн алба (Bedarfswehrpflicht)" хэмээн нэрлэжээ. Швед зэрэг орнуудын загвар болгосон уг системийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байна. Төлөвлөгөө ёсоор 18 нас хүрсэн нийт эрчүүд цэргийн алба хаах хүсэл эрмэлзлийн талаарх санал асуулга бөглөнө. Түүнчлэн 2027 оны долоодугаар сараас эхлэн цэргийн албанд явах хүсэл эрмэлзлэлээс үл хамааран эрэгтэйчүүд бүгд бие бялдар, эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. Ингэснээр онцгой нөхцөл байдлын үед дайчлах боломжтой хүний ​​нөөцийн мэдээллийн санг бий болгоно гэж Засгийн газар тайлбарласан байна. Үүнтэй холбогдуулан цэргийн албан хаагчийн сарын цалинг 2600 евро болгон нэмэгдүүлж, жолооны үнэмлэх үнэгүй авах зэрэг нэмэлт урамшуулал олгох ажээ. Батлан ​​хамгаалах яам цэрэг татлагын үр дүнгийн талаар зургаан сар тутамд парламентад тайлагнах үүрэг хүлээсэн байна.

   Дэлхийн II дайны дараа Герман улс цэргийн хүч хэрэглэх, цэргийн хүчээ нэмэгдүүлэх тал дээр маш уян хатан хандаж ирсэн. Гэсэн хэдий ч 2022 онд Орос улс Украинд довтолсны дараагаас аюулгүй байдалдаа онцгойлон анхаарч, тухайн үеийн канцлер Олаф Шольц "Онц байдлын үе"-ийг зарлаж, 100 тэрбум еврогийн нөөцтэй Батлан ​​​​хамгаалах сан байгуулсан юм. Цаашилбал, одоогийн канцлер Фридрих Мерц өнгөрсөн тавдугаар сард парламентад үг хэлэхдээ "Бид Европын хамгийн хүчирхэг армийг байгуулна” гэсэн юм. Улмаар 2035 он гэхэд цэргийн албан хаагчийн тоог 260 мянга болгон нэмэгдүүлж, армийн бэлтгэл хүчний тоог 200 мянга болгон өсгөхөөр төлөвлөж буйгаа Засгийн газар мэдэгдсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.