Их Британи: "Адольф Гитлерийн ДНК" нэртэй баримтат кино гарна
Их Британийн “Channel 4” телевизийн бүтээсэн "Адольф Гитлерийн ДНК" нэртэй баримтат кино 15-ны өдөр олон нийтэд хүрэхээр болсон тухай “The Guardian” сонин мэдээлэв. Тус кинонд нацист дарангуйлагч Адольф Гитлер нь бэлгийн бойжилтын үед дааврын тэнцвэргүй байдлыг үүсгэдэг генетикийн эмгэг болох Каллманы хам шинж (Kallmann syndrome) өвчтэй байсныг түүний цусны шинжилгээгээр тогтоосон тухай өгүүлэх ажээ. Судлаачид АНУ-ын Пенсильвани мужийн Геттисбург хотын цэргийн музейд буй А.Гитлерийн нас барсан буйдангаас авсан цустай даавууг шинжилгээнд оруулсан байна. Мөн А.Гитлерийн ойрын хамаатан, Бельгийн иргэн нэгэн эрэгтэйгээс авсан шүлсний дээжийг мөн ашиглажээ. Дээрх хоёр дээжийн Y хромосом төгс тохирч байсан нь цус А.Гитлерийнх мөн гэдгийг баталсан байна. Генетикийн шинжилгээгээр бэлгийн хөгжилд гол үүрэг гүйцэтгэдэг PROK2 ген А.Гитлерийн ДНК-д устгагдсан байсныг тогтоожээ. Энэхүү мутаци нь бэлгийн бойжилтын даавар ялгарах үйл явц хэвийн бус байснаас болж нөхөн үржихүйн үйл ажиллагаа удааширч, эсвэл зогссоноос болдог бөгөөд анагаах ухаанд Каллманы хам шинж гэж нэрлэдэг аж. Каллманы хам шинжтэй өвчтөнүүд ихэвчлэн тестостероны түвшин бага, эсвэл тогтворгүй байдаг бөгөөд төмсөг доошоо буудаггүй цавин дотроо оршдог крипторхидизм (Criptorchidism) эмгэгтэй байдаг ажээ. 1923 оны Мюнхений төрийн эргэлт бүтэлгүйтсэний дараа А.Гитлерийн хоригдож байсан Ландсбергийн шоронгийн эмнэлгийн бүртгэлд түүнийг "крипторхидизм" эмгэгтэй гэж оношилсон нь энэ шинжилгээтэй нийцэж байна. Харин судлаачид түүний бие эрхтний гажиг, эмгэг нь хувь хүний хөгжилд нөлөөлсөн байж болзошгүй ч түүний улс төрийн үйлдэл, хүчирхийлэлтэй холбох үндэслэлгүй гэдгийг онцолжээ. Их Британийн Бат Их Сургуулийн судалгааны хүрээлэнгийн захирал Тури Кинг "Генетикийн гажиг нь түүний бие эрхтэнд нөлөөлсөн байж болох ч хувь хүний улс төрийн үйлдэлтэй холбох боломжгүй” гэсэн байна. Мөн түүхч эрдэмтэн Алекс Кэй "А.Гитлерийн харгислалыг генетик, эсвэл өвчин эмгэгтэй холбож тайлбарлах нь зохисгүй” гэжээ. Мөн А.Гитлерийг еврей гаралтай гэсэн цуурхлыг тус кинонд няцаасан бөгөөд түүний хамаатан садны ДНК-г шинжилж үзэхэд еврей гаралтайг нотлох генетикийн нотолгоо олдоогүй болохыг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







