Унгар залуу 144 цаг бүжиглэж дэлхийн дээд амжилт тогтоов
Унгарын нийслэл Будапешт хотын иргэн, 34 настай Чеппе Саволч "Dance Dance Revolution" (DDR) тоглоомоор зургаан өдөр дараалан тоглоод 144 цаг бүжиглэж Гиннесийн дээд амжилт тогтоосон тухай BBC мэдээлэв. Ингэснээр 2015 онд Карри Свидецки хэмээх америк эрийн тогтоосон 138 цаг, 34 секундын амжилтыг эвдсэн бөгөөд Гиннесийн алба түүний амжилтыг албан ёсоор хүлээн зөвшөөрснөө мэдэгджээ. Бүжиглэж байх явцдаа тэрбээр 3000 гаруй дуу дуулж, 22 мянган калори шатаасан гэнэ. Энэ тухайгаа "DDR миний хувьд үргэлж хөгжилтэй тоглоом байсан ч энэ удаагийн сорилт "уйдаж залхмаар хөгжилтэй" байлаа” хэмээн хошигносон байна. Тоглоомын дүрэм ёсоор цаг тутамд 10 минутын амралт өгдөг тул Ч.Саволч энэ хугацааг хурааж хуримтлуулсаар өдөрт 1-2 цаг унтаж амардаг байсан аж. Амжилтынхаа тухайд "Цаашид өөр хүн миний тогтоосон дээд амжилтыг эвдэх гэвэл би эргэж ирээд амжилтаа хамгаалах болно" гэжээ. Ийм төрлийн тоглоом тоглодог найз нөхдийнхөө тэнд тэрбээр “царцаа” хочтой бөгөөд хүүхэд байхаасаа л үргэлж харайж дэвхцэж явдаг байсан, мөн DDR тоглоомд гаргууд сайн байсан тул ийм хочтой болсон гэнэ. DDR бол 1998 онд Японд анх бүтээгдсэн хэмнэлт бүжгийн тоглоом юм. Оролцогчид хөгжмийн хэмнэлийн дагуу бүжгийн тавцан дээр гэрэл анивчуулж ассан суман тэмдэгт дээр гишгэж оноо авна. Уг тоглоом гарсан цагаасаа хойш залуучуудын дунд хурдтай тархаж, аажмаар гэр бүлийн хүрээнд хүртэл тоглох болжээ. Түүгээр үл барам Их Британи, АНУ-ын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт албан ёсоор оруулж, Норвеги улсад тусгай спорт болтлоо хөгжжээ. Мэдээллийн технологийн инженер мэргэжилтэй Ч.Саволч нь өөр хэд хэдэн тоглоомоор дэлхийн дээд амжилтыг эзэмшсэн туршлагатай ажээ. 2021 онд тэрбээр "Naruto: Ninja Timer Accel 2" тоглоомыг 28 цаг, 11 минут, 32 секунд тоглож Наруто тоглоомын төрөлд дээд амжилт тогтоосон бол тэр жилдээ "Tetris Effect" тоглоомыг 32 цаг, 32 минут, 32 секунд тоглож мөн дээд амжилт тогтоосон байна. Ингээд зогссонгүй, 2023 онд "Gran Turismo 7" тоглоомыг 90 цаг тоглож өөр нэгэн шинэ дээд амжилтын эзэн болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







