1941 онд танилцсан хоёр дэлхийн хамгийн олон жил ханилсан хосоор тодров

1941 онд танилцсан хоёр дэлхийн хамгийн олон жил ханилсан хосоор тодров


   Их Британийн “The Guardian” сонин дэлхийн хамгийн олон жил ханилсан эхнэр, нөхөр Гиттенсийн хайрын түүхийн талаар мэдээлэв. Урт наслалтын судалгааны “LongevityQuest” хүрээлэн тэдний гэрлэлтийн батлах, АНУ-ын хүн амын тооллогын бүртгэл зэрэг олон арван жилийн мэдээллийг харьцуулан нягталсны үндсэн дээр дэлхийн хамгийн олон жил ханилсан гэр бүл хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрч батламж гардуулжээ. Нөхөр Лайл Гиттенс нь эдүгээ 108, эхнэр Элеонор Гиттенс 107 настай бөгөөд тэд анх 1941 онд Атланта их сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр танилцжээ. Эхнэр нь хэлэхдээ "Тэгэхэд аль баг ялсныг би санахгүй байна. Харин тэр өдөр сагсчин залуу Лайлыг анх олж харснаа тодоос тод санадаг юм" гэжээ. Тэд танилцаад удалгүй бие биедээ сэтгэлтэй болж үерхсэн хэдий ч дэлхийн дайн болов. Лайл цэрэгт татагдахад тэд гэрлэхээр шийдсэн байна. Жоржиа мужийн армийн баазад алба хааж байсан байлдагч Лайл гурван өдрийн чөлөө авч, 1942 оны зургаадугаар сарын 4-ний өдөр хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ.  

   Тухайн үед арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах явдал ердийн үзэгдэл байсан тул Лайл зөвхөн хар арьстнуудад зориулсан галт тэргээр асар хол зам туулж цэргийн ангидаа буцаж очсон гэнэ. Удалгүй Элеонор анхны хүүхдээ тээж жирэмсэн болох үед нөхөр нь АНУ-ын армийн явган цэргийн 92 дугаар дивизийн дайчин болж Итали руу оджээ. Хадмуудтайгаа хамт амьдрахаар Нью-Йорк хотод шилжиж ирсэн Элеонор онгоцны сэлбэгийн компанид ажиллаж байхдаа хүүхдээ төрүүлж, эсэн мэнд өсгөжээ. Амьдрал нь амаргүй байсан хэдий ч дайны талбараас ирэх нөхрийнх нь захидал түүнд баяр баясгалан авчирдаг байсан тухай тэрбээр дурсан ярьсан байна. Эцэст нь дайн дуусаж, нөхөр нь ирснээр тэд аз жаргалтай, элэг бүтэн амьдрах болсон бөгөөд хоёул төрийн байгууллагад ажилд орж, Нью-Йорк хотдоо суурьшив. Элеонор 69 нас хүрсэн хойноо Нью-Йоркийн Фордхэмийн их сургуульд боловсролын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, олон жилийн мөрөөдлөө биелүүлсэн байна. Тэд одоо Флорида мужийн Майами хотод охинтойгоо амьдарч байна. Лайл эхнэрийнхээ гарыг атган "Бид дэлхийн хамгийн ахмад хос болсондоо итгэж ядаж байна. Хамгийн гол нь түүнийхээ хажууд байгаадаа юу юунаас илүү баяртай байна. Хоёр биеэ гэсэн хайр л бид хоёрыг өдий хүргэсэн" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.