Хятад: Гэрийн эзэгтэй нарыг онгоцны үйлчлэгчээр ажилд авчээ
Хятадын Шанхай хотод төвтэй агаарын тээврийн “Spring Airlines” компани саяхан 25-40 насны, гэрлэсэн эсвэл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг онгоцны үйлчлэгчээр ажилд авах зар гаргажээ. Ажлын зарын дагуу хүсэлт гаргагчид бакалаврын зэрэгтэй, 162-174 см өндөртэй, үйлчилгээний туршлагатай байх ёстой аж. Агаарын тээврийн салбарын уламжлал ёсоор бол 18-25 насны, гэрлээгүй залуу эмэгтэйчүүдийг онгоцны үйлчлэгчээр ажилд авах нь дийлэнх тул энэ санал нэлээд өвөрмөц юм. Тус компанийн албаны хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гэрлэсэн эмэгтэйчүүд амьдралын туршлага арвин, хүүхэд, ахмад настнуудыг асарч халамжлах чадварыг эзэмшсэн байдаг. Нөгөө талаар энэ нь эмэгтэй хүнийг хүндэтгэх манай боловсон хүчний бодлогын нэг хэсэг юм" гэж тайлбарласан байна. Хятадад эмэгтэйчүүд 50 насандаа тэтгэвэрт гарахаар хуульчилсан байдаг. Харин энэ зарыг нийтлэхдээ “Онгоцны үйлчлэгч эзэгтэй” гэсэн нэр томьёо хэрэглэсэнд зарим хүн эгдүүцэж "Эмэгтэй хүний гэр бүлийн байдал болон насыг онцолсон, эмэгтэйчүүдийг үл хүндэтгэсэн" хэмээн шүүмжилж байгаа аж. Үүний дараа тус компани тайлбар хийж, энэ хэллэг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах агуулгагүй гэдгийг онцолжээ. Дээрх зарын дагуу одоогийн байдлаар 88 эмэгтэй ажилд орсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







