Хөлөнбуйрт өвс ховор байна
Малчин Молоргарав сурвалжлагчтай тааралдав. Гэрэл зураг © solongonews.mn

Хөлөнбуйрт өвс ховор байна


   Монголчууд олноор мал маллан амьдардаг Хятадын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр нутагт энэ зун ихээхэн гантай байсны улмаас өвс хадлан ховор байгаа ажээ. ӨМӨЗО-ы “Солонго” мэдээллийн төвийн сурвалжлагчийн мэдээлснээр, гантай зуссан нутгийн малчид өвөл мал тэжээх өвсөө олон зуун километр хол явж худалдан авч байгаа аж. Тухайлбал, Шинэ Барга баруун хошууны Далай сумын малчин Молоргарав 250 км холоос өвс авч явахтай сурвалжлагч тааралджээ. Молоргаравын ярьснаар тэрбээр 300 кг-тай нэг боодол өвсийг 160 юаниар худалдаж авсан байна. Энэ жил өвсний үнэ хямд байгаа бөгөөд өнгөрсөн жил боодол өвс 320 юань байсан бол 2012, 2013 оны үед бүр 500 юань хүрч байжээ. 400 бог, 80 гаруй адуу, 60 гаруй үхэртэй Молоргарав өнөө жил 800-1000 боодол өвс бэлдэх шаардлагатай аж. Хөлөнбуйрын малчид мал сүргээ мэнд өвөлжүүлэхээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-наас 5 дугаар сарын 25 хүртэл буюу шинэ ногоо гартал бэлчээрээ амраахын тулд малаа хашаандаа өвсөөр тэжээдэг байна. Ийм учраас өвс хадлангаа хангалттай нөөцлөх хэрэгтэй тухай малчин Молоргарав сурвалжлагчид ярьжээ. Тэрбээр намар эхэлснээс хойш одоог хүртэл ачааныхаа машинаар нутгийнхандаа 30 гаруй удаа өвс тээвэрлэж өгсөн гэнэ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.