Dictionary.com сайт "Six-Seven” гэдэг үгийг 2025 оны онцлох үгээр тодруулав
Америкийн онлайн толь бичгийн “Dictionary.com” сайт "Six-Seven (зургаа долоо)" гэдэг үгийг 2025 оны онцлох үгээр шалгаруулсан байна. Энэ нь өсвөр насныхны дунд өрөвдөх, заримдаа даажигнах утга илэрхийлэх үед хэрэглэдэг нэг төрлийн аялга үг бөгөөд утгыг нь яг тодорхойлоход хэцүү юм. Энэ үг өнгөрсөн зунаас хойш цахим орчинд Америкийн өсвөр насныхны дунд трэнд болж байна. Тус сайт жил бүр нийгмийн чиг хандлагыг тусгасан үгсийг сонгодог бөгөөд өнгөрсөн жил “TikTok” сүлжээг идэвхтэй ашигладаг нөлөөлөгч Жюль ЛеБроны анхлан хэрэглэсэн "demure" гэх үг оны онцлох үгээр шалгарч байв. Dictionary.com эцэг эхчүүдэд хандаж, “Та бүхэн энэ тоон үгийг олонтоо сонсож, сонсох бүрдээ дургүйцдэг байхыг үгүйсгэхгүй” гэжээ. Энэ үг нь реппер Скриллагийн өнгөрсөн оны сүүлээр гаргасан "Doot Doot" дуунаас үүсэлтэй гэж үзсэн байна. Дууны үгэнд "The Way that switch, I know he diin. 6-7" гэж буй бөгөөд энэ тоо нь Скриллагийн төрөлх хот Филадельфийн 67-р гудамжийг хэлж буй ажээ. Бас өөрөөр тайлбарласан тохиолдол байна. Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин ЛаМело Боллын биеийн өндөр 6 фут 7 инч хэмээн ярьсан видео бичлэгт энэ дууг ашигласнаар дээрх үг залуусын дунд тархаж эхэлсэн гэнэ. Улмаар энэ үг АНУ даяар хүүхэд, өсвөр насныхны дунд өргөн хэрэглэгдэх болсноор зарим сургууль энэ үгийг хэрэглэхийг хориглосон шийдвэр хүртэл гаргаж байжээ. Техасын A&M их сургуулийн профессор, хэл шинжээч эрдэмтэн Сальваторе Аттардо энэ үгийн талаар “Washington Post” сонинд тайлбарлахдаа "Энэ бол өсвөр насныханд хамаарах үг. Тэд өөрсдийг нь ойлгодоггүй насанд хүрэгчдээс ялгарахын тулд энэ үгийг ашигладаг" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







