АНУ: 90 гаруй настай эхнэр нөхөр хоёр нэг өдөр хамтдаа хорвоог орхижээ
АНУ-ын Вашингтон мужийн иргэн, эхнэр, нөхөр 95 настай Друс Ньюман, 92 настай Ава Ньюман хоёр нэг өдөр хамтдаа хорвоог орхисон байна. Тодруулбал зүрхний өвчний улмаас олон жил шаналсан эхнэр нь эмнэлгийн тусламжтайгаар эвтанази буюу сайн дураараа хорвоог орхих хүсэлт гаргахад нөхөр нь "Би түүнгүйгээр амьдарч чадахгүй" гээд мөн адил сонголт хийжээ. Ганц охин нь аав, ээжийнхээ энэ шийдвэрийг хүндэтгэж, сүүлчийн хүсэлтийг нь биелүүлсэн гэдгээ хэлсэн байна. 2018 онд эхнэр нь зүрхний хавхлагын нарийсал гэсэн онош гарч, эмч нар мэс засал хийлгэхийг санал болгосон боловч тэрбээр байгалийн жамаар өөд болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж, хэдэн жил өвчинтэйгөө тэмцжээ. Сүүлдээ бие нь хэтэрхий дордсон тул эвтанази хийлгэх хүсэлт гаргахад нөхөр нь ижил сонголт хийж, эмнэлгийн баг ч тэдний хүсэлтийг зөвшөөрч ёсоор болгосон байна. Тэд амьдралынхаа сүүлчийн өдрөөр наймдугаар сарын 13-ны Баасан гарагийг сонгож, сүүлийн долоо хоногийг охинтойгоо хамт өнгөрөөжээ. Эвтаназид орох өдрөө тэд зэрэгцэн хэвтэж, гар гараасаа атгалцаад намуухан хөгжим сонсож, нэг зүсэм шарсан талх хувааж идээд зориулалтын эм уун үүрд нойрсжээ. Охин нь хэлэхдээ "Ээж маань үхлээс айдаггүй байсан. Харин аав бол ээжгүйгээр амьдарна гэхээс маш их айдаг байсан. Аав ээж хоёр минь энэ хорвоог хамт туулаад, эцэст нь хамтдаа явж одлоо” гэжээ. Эмнэлгийн эвтанази нь Вашингтон, Орегон, Калифорни зэрэг 10 муж, мөн Вашингтон хотод хууль ёсоор хүлээн зөвшөөрөгддөг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







