Зүүн Тимор улсын ерөнхий сайд юуны учир нулимс унагав?
Өнгөрсөн 26-ны өдөр Малайзын Куала Лумпур хотноо болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын үеэр Зүүн Тимор улсыг тус холбооны гишүүнээр элсүүлэв. Энэ үеэр ерөнхий сайд Хосэ Александра Гусмао индэр дээрээс үг хэлэхдээ "Олон зууны турш зовлон зүдгүүр туулсан ард түмний минь мөрөөдөл биеллээ" хэмээн хэлж нулимс унагасан байна. 1970-аад онд Зүүн Тимор Индонезийн ноёрхолд байх үед Х.Гусмао Үндэсний чөлөөлөх армийн командлагч болж, тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцлийг удирдаж байсан бөгөөд 2002 онд тусгаар тогтнолоо зарласны дараагаас эхлэн ерөнхийлөгч, ерөнхий сайдын албыг хашиж иржээ. АСЕАН 1999 онд Камбожийг элсүүлснээс хойш 26 жилийн дараа Зүүн Тимор улсыг элсүүлэн авч, эдүгээ 11 гишүүн оронтой болоод байна. АСЕАН-ы гишүүн 11 орны дундаас Зүүн Тимор нь газар нутгийн хэмжээгээрээ Сингапур, Брунейн дараа гуравдугаарт ордог бол нэг хүнд ногдох ДНБ нь 1400 доллар гэсэн үзүүлэлтээр хамгийн буурай орны тоонд орж байгаа юм. Тус улс XVI зууны үед Португалын колони байсан бөгөөд Номхон далайн дайны үеэр Японд эзлэгдсэн түүхтэй. Улмаар 1975 онд тусгаар тогтнолоо зарласан хэдий ч ердөө есхөн хоногийн дараа Индонез улсад эзлэгджээ. Өнгөрсөн хугацаанд Зүүн Тимор Бүс нутгийн форум, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зэрэг АСЕАН-д суурилсан арга хэмжээнүүдэд бүрэн эрхтэйгээр оролцож ирсэн бөгөөд АСЕАН-ы гишүүн болсноор байгалийн хий, ашигт малтмал зэрэг баялгаа эргэлтэд оруулж эдийн засгаа тэлнэ хэмээн өөдрөгөөр таамаглаж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







