Луврын музейд хулгайч нэвтрэхэд дотоод аюулгүй албаны ажилтан оролцжээ

Луврын музейд хулгайч нэвтрэхэд дотоод аюулгүй албаны ажилтан оролцжээ


   Саяхан Парисын Луврын музейд бүлэг этгээд нэвтэрч асар үнэтэй эртний эдлэлүүдийг хулгайлан авч одсон билээ. Тэгвэл энэ хэрэгт музейн дотоод аюулгүй албаны ажилтан оролцсон болохыг нотлох баримт гарч ирсэн тухай Их Британийн “The Telegraph” сонин мэдээлэв. Нэрээ нууцалсан эх сурвалж тус сонинд ярилцлага өгөхдөө "Музейн аюулгүй албаны ажилтнуудын нэг нь хулгайч нартай хуйвалдсан болохыг харуулсан нотлох баримт олдсон” гэжээ. Нотлох баримтад аудио бичлэг, мессэж зэрэг багтсан болохыг эх сурвалж хэлсэн байна. Өнгөрсөн 19-ний өглөө дөрвөн этгээд Луврын музейн "Аполло" галерейд нэвтэрч, ердөө долоон минутын дотор найман үнэт эдлэл хулгайлсан бөгөөд тухайн үнэт эдлэлийн үнийг ойролцоогоор 125 сая доллар хэмээн тооцоолж байгаа юм. Мөрдөн шалгах байгууллагууд гэмт этгээдүүдийн хурууны хээ зэрэг 150 гаруй нотлох баримт цуглуулсан байна. Тус музей цаашид дахин ийм хэрэг гарахаас сэргийлж, "Аполло" галерейд байгаа эрдэнийн титэм болон бусад үнэт эдлэлийг Францын Төв банкны тусгай агуулахад шилжүүлэн хадгалуулжээ. Музейн захирал Лоренс Декарт Сенатад үг хэлэхдээ музейн барилга хуучирч, аюулгүй байдлын систем шаардлага хангахгүй байгаа талаар илэн далангүй яриад, энэ бүхнийг сайжруулахад хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн музейн дотор цагдаагийн хэсэг байгуулах хүсэлт гаргажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.