Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэй үнэмлэхүй ялалт байгуулав

Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэй үнэмлэхүй ялалт байгуулав


   Ирландын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшсэн, зүүний үзэлтэн эмэгтэй Кэтрин Коннолли үнэмлэхүй ялалт байгуулав. AP агентлагийн мэдээлснээр К.Коннолли сонгуулийн эхний шатны санал хураалтаар 63-аас дээш хувийн санал авсан байна. Европын холбоо цэргийн зардлаа нэмэгдүүлж буй явдал болон Барууны орнуудын гадаад бодлогыг хурцаар шүүмжилж ирсэн түүний ялалт нь Ирландын төв-баруун эвслийн засгийн газарт томоохон цохилт болж байна. Тооллогын албан ёсны дүнгээр К.Коннолли 914,143 санал (63.4%) авч ялсан нь Ирландын ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн дэх хамгийн өндөр хувь ажээ. Түүний өрсөлдөгч, "Нэгдсэн Ирланд" намын тэргүүн Хезер Хамфрис ердөө 29 хувийн санал авсан бөгөөд эхний шатны санал тооллогын дараа ялагдсанаа хүлээн зөвшөөрч, өрсөлдөгчдөө баяр хүргэн "Кэтрин Конноли бид бүгдийн төлөө ажилладаг ерөнхийлөгч болно гэдэгт итгэж байна. Амжилт хүсье" гэжээ.

   Эдүгээ 68 настай К.Коннолли нь хуульч, клиник сэтгэл зүйч мэргэжилтэй бөгөөд 2016 оноос улс төрд орж Ирландын парламентын гишүүн болсон юм. Энэ удаагийн сонгуульд тэрбээр Хөдөлмөрийн нам, Социал демократ нам зэрэг зүүний үзэлтэй томоохон нам, эвслийн дэмжлэгийг авсан байна. К.Коннолли нь төвийг сахих бодлогыг тууштай дэмжигч юм. Тэрбээр ОХУ Украинд халдсаны дараа үеэс Европын холбооны цэргийн хүчнийг "ёс суртахууны баримжаагаа алдаж байна" хэмээн шүүмжлэх болж, Германы цэргийн бодлогыг 1930-аад оныхтой зүйрлэн буруутгаж байсан юм. Мөн Газын зурвасын дайнд Палестиныг дэмжиж байгаагаа шуудхан илэрхийлж, АНУ, Их Британи, Франц зэрэг орнуудыг шүүмжилж, "найдваргүй этгээдүүд" гэж байсан билээ. Тиймээс түүний гадаад бодлого АНУ болон Европын холбоотнуудтай зөрчилдөх вий гэсэн болгоомжлол байна. Гэхдээ Ирландын ерөнхийлөгчийн албан тушаал нь бодит эрх мэдэл хязгаарлагдмал, бэлгэдлийн болон ёслолын шинж чанар нь илүүтэй албан тушаал юм. Тус улс парламентын засаглалтай, ерөнхий сайд нь Засгийн газрынхаа үр дүнтэй ажиллагааг хариуцдаг. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил бөгөөд нэг удаа улиран сонгогдож болно. Хэвлэлүүд түүний үнэмлэхүй ялалтыг одоогийн Эвслийн засгийн газрын буруу бодлоготой холбон тайлбарлаж байна. Мөн К.Коннолли энэ сонгуульд төр засгийн эсрэг тэмцэгч болж, залуу үеийнхний дэмжлэгийг авсныг хэвлэлүүд онцлон дурджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.