Германы Төв банкны ерөнхийлөгч цагаачдад найр тавив
Германы Төв банкны ерөнхийлөгч Йоахим Нагель эдийн засгийн эрч суларч, хүн амын тоо буурч, хөгшрөлт хурдтай явагдаж байгаа энэ цаг үед Герман улс цагаачдыг найр тавин хүлээж авах нь чухал гэж мэдэгдсэн тухай “Bloomberg News” мэдээлэв. Ж.Нагель АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн оюутнуудад лекц уншихдаа дэлхийн ихэнх улс орон, тэр дундаа Герман улсад хүн амын хөгшрөлт хурдтай явагдаж байгааг дурдаад “Европт гадны цагаачид олноор орж ирэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ажиллах хүчний хомсдолоос үүдэлтэй эдийн засаг уналтад орох болно” гэжээ. Улмаар цагаачдад үүд хаалгаа нээх нь Герман улсад ашигтай гэдгийг жишээ татан дурдсан байна. Мөн тэрбээр "Энэ бол маш нарийн төвөгтэй асуудал гэдгийг ойлгож байна. Гэхдээ Төв банкны ерөнхийлөгчийн хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулж, Европ болон Германд цагаачдын хэрэгцээ их байгааг хүлээн зөвшөөрч, нээлттэй эдийн засаг, нээлттэй улс, хүлээцтэй үндэстэн хэвээр үлдэхийн төлөө энэ үзлээсээ ухрахгүй” гэжээ. Германд одоо идэвхтэй хөдөлмөр эрхэлж буй хүн амын 30 орчим хувь нь 2036 он гэхэд тэтгэвэрт гарна гэдгийг “Bloomberg News” статистик мэдээллээс эш татан онцлов. 2022 онд албан тушаалаа авснаасаа хойш тэрбээр улс төр, эдийн засгийн маргаантай асуудлуудад байр сууриа идэвхтэй илэрхийлсээр ирсэн бөгөөд “Одоо л шийдэхгүй бол хожим бид амаа барина” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







