В.Путин Будапештэд айлчлахдаа аль замаар очих вэ?
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар ойрын хугацаанд Унгарын нийслэл Будапешт хотноо уулзахаар төлөвлөөд буй. Харин В.Путин Будапешт хотод хэрхэн очих талаар дэлхийн томоохон хэвлэлүүд олон таамаг дэвшүүлж байна. ВВС агентлаг мэдээлэхдээ "В.Путин Будапештэд очихын тулд дайнд нэрвэгдсэн Украины агаарын орон зайг нэвтрэх, Гаагийн Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнуудаас зайлсхийх, Европын холбооноос тусгай зөвшөөрөл авах зэрэг нарийн төвөгтэй замыг туулах хэрэгтэй" гэжээ. Гаагийн шүүх В.Путиныг дайны гэмт хэрэг үйлдсэн, украин хүүхдүүдийг албадан шилжүүлж авсан гэх үндэслэлээр баривчлах тушаал гаргасан юм. Тус байгууллагын гишүүн орнууд нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн тохиолдолд В.Путиныг баривчлах үүрэгтэй бөгөөд агаарын орон зай мөн энд хамаарна. Цаашилбал, 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украинд цөмрөн орсноос хойш Оросын онгоц Европын холбооны агаарын орон зайд нэвтрэхийг хориглосон байна. Дээрх байдлаас хамаарч Будапештэд хийх В.Путины айлчлалын зам нэлээд адармаатай болж байгаа бөгөөд хамгийн боломжтой зам нь Зүүн Хар тэнгисээр Турк руу гарч, улмаар Болгар, Сербээр дамжин Унгарт хүрэх явдал юм. Турк, Серби хоёр улс ОУЭШ болон ЕХ-ны гишүүн биш тул энэ зам түүнд нээлттэй. Харин Болгар улс нь дээрх хоёр байгууллагын гишүүн орон мөн боловч ОХУ болон Барууны хооронд харьцангуй төвийг сахисан байр суурийг баримталдаг. В.Путин аль замыг сонгохоос үл хамааран ЕХ-ны орнууд түүний онгоцыг агаарын орон зайгаараа нэвтрүүлэхгүй байх, эсвэл ОУЭШ-ийн гишүүн орнууд баривчлах бараг боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. “Энх тайван” гэх зорилгоор Будапештийг зорьж байгаа тул түүний замыг хаах нь олон асуудал үүсгэх эрсдэлтэй гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







