Испани: Онгоцонд тээвэрлэсэн нохойг ачаа гэж үзэх үү?

Испани: Онгоцонд тээвэрлэсэн нохойг ачаа гэж үзэх үү?


   2019 оны аравдугаар сард Аргентины Буэнос-Айресаас Испанийн Барселона руу аялсан нэгэн зорчигч онгоцонд суухдаа нохойгоо зорчигчийн суудалд биш, ачаанд өгчээ. Нохойн жин, биеийн хэмжээ нь зорчигчийн бүхээгт авч явах тээшний хэмжээнээс хэтэрсэн тул ийм арга хэмжээ авсан байна. Гэвч нохой ачааны хэсгээс гарч зугтан сураггүй алга болжээ. Иймээс зорчигч Испанийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нохойгоо алдсаны нөхөн төлбөр болох 5000 еврог “Iberia Airlines” компаниас нэхэмжилсэн байна. Компани нохой алдсаны бурууг хүлээн зөвшөөрсөн боловч агаарын тээврийн компанийн хариуцлага, зорчигч, ачаа тээшний нөхөн олговрын журмыг зохицуулдаг Монреалийн конвенцийг эш татан, амьд амьтан биш, ачаа алдсаны нөхөн олговор олгох боломжтой гэж мэдэгджээ. Харин Испанийн шүүх уг хэргийг Европын шүүхэд (ECJ) шилжүүлж, Монреалийн конвенцийн дагуу гэрийн тэжээмэл амьтад "ачаа" гэсэн ангилалд багтах эсэхийг тогтоож өгөх хүсэлт гаргахад ECJ агаарын тээврийн компанийн талд шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл нохойг ачаа гэж үзжээ. Зорчигч нохойгоо авч явахдаа "Тусгай мэдүүлэг" (Special declaration of interest) бөглөөгүй нь дээрх шийдвэр гаргах үндэс болсон гэдгийг ECJ хэлсэн байна. Тусгай мэдүүлэг гэдэг нь зорчигч нэмэлт төлбөр төлж, тусгай мэдүүлэг гарган, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр шаардах эрх олгодог систем юм. ECJ-ийн дээрх шийдвэр нь туслах шинж чанартай бөгөөд эцсийн шийдвэрийг Испанийн шүүх гаргана.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.