Грек: Тавин жилийн өмнө хулгайд алдагдсан эртний олдвор буцаж ирэв
Тавин жилийн өмнө хулгайд алдагдсан, 2400 жилийн настай Эртний Грекийн үеийн үнэт эдлэл олджээ. Тодруулбал, нэгэн герман эмэгтэй 50 гаруй жил хадгалсан тэрхүү эдлэлийг Грекийн Засгийн газарт буцааж өгсөн бөгөөд тэрбээр 1960-аад оны үед тус улсын түүхэн дурсгалт газраар аялж явахдаа эртний Леонидион хотын балгасаас уран нарийн хийцтэй баганын оройн чимэглэл хулгайлсан гэдгээ хүлээсэн байна. Эмэгтэй буруу зүйл хийснээ ухаарч олон жил шаналж явсан бөгөөд Германы Мюнстерийн их сургууль гадаадад гарсан соёлын олдворуудыг эх нутаг нь буцааж өгөх кампанит ажил өрнүүлж байгааг олж хараад энэ сайн үйлсэд нэгдэхээр шийджээ. Ингээд сургуулийн албаны хүмүүст хандан учир байдлаа хэлсэн бөгөөд тус сургууль түүнийг Грекийн Засгийн газартай холбож өгчээ. МЭӨ IV зуунд байгуулагдсан Леонидион хотын ордон нь дөрвөн талдаа баганатай нүсэр том байгууламж юм. Буцааж өгсөн олдвор нь ойролцоогоор 23 см өндөр, 33 см өргөнтэй, баганын оройн чимэглэл ажээ. Мюнстерийн их сургууль олон жилийн өмнөөс эртний олдвор, үнэт эдлэлийг эх нутагт нь буцаах кампанит ажил өрнүүлсээр ирсэн юм. Сургуулийн Археологийн музейн эрхлэгч Торбен Шрайбер "Ёс суртахуунтай байж, зөв үйл хийхэд хэзээ ч оройтдоггүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







