Газын бүсийн энхийн хэлэлцээрт оролцсон өвөрмөц зочин хэн байв?

Газын бүсийн энхийн хэлэлцээрт оролцсон өвөрмөц зочин хэн байв?


   Өнгөрсөн 13-ны өдөр Египетийн Шарм-эль-Шейх хотод болсон Газын зурвасын гал зогсоох дээд хэмжээний уулзалтын тайзан дээр нэгэн өвөрмөц зочин дэлхийн удирдагчидтай мөр зэрэгцэн зогссон нь FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино байв. Тэрбээр аль нэг улсын төрийн тэргүүн, улс төрийн удирдагч биш ч АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар дээд хэмжээний уулзалтын индэрт гарсан нь тэр байлаа. Энэ үеэр Ж.Инфантино АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп болон Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси нартай зураг татуулж, Газын зурваст эвдэрч сүйдсэн спортын байгууламжуудыг сэргээн засварлахад тусламж үзүүлэхээ амлав. Сүүлийн үед тэрбээр спортын харилцаанаас хальж, улс төрийн арга хэмжээнд Д.Трампыг дагалдан явах болжээ. Тухайлбал 2020 онд Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Д.Трампын зохион байгуулсан оройн зоог дээр үг хэлж, мөн тэр жил Абрахамын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцсон бөгөөд энэ оны эхээр Д.Трампын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хүндтэй зочны суудалд суусан юм.

   FIFA-гийн дүрэм ёсоор бол тус холбоо улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Ерөнхийлөгч Ж.Инфантино дэлхийн улс төрийн томоохон удирдагчидтай ойр шадарлах болсон нь FIFA-д хүртэл түгшүүр төрүүлж байгаа талаар “New York Times” сонин мэдээлсэн байна. Хүний эрхийн байгууллагууд түүнийг шүүмжилж, "FIFA төвийг сахих байр сууриа бүрмөсөн орхиж, Д.Трамп, Б.Нетаньяху нарын талд орлоо" гэсэн байна. Ж.Инфантино сүүлийн үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман, Катарын Эмир зэрэг авторитар удирдагчидтай дотносох болсон нь FIFA-гийн төвийг сахих тухай журмыг зөрчсөн хэрэг гэж мэргэжилтнүүд шүүмжилж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.