Кубын тэрс үзэлтэн Хосе Даниэль Феррер АНУ-руу дүрвэлээ

Кубын тэрс үзэлтэн Хосе Даниэль Феррер АНУ-руу дүрвэлээ


   Кубын тэрс үзэлтэн, хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Хосе Даниэль Феррер эх орноо орхин АНУ-д дүрвэн гарчээ. Кубын Гадаад харилцааны яам энэ тухай мэдэгдэл нийтэлж, "Кубын иргэн Х.Феррер гэр бүлийнхээ хамт эх орноо орхин гарлаа" гээд түүнийг АНУ-ын Засгийн газрын албан ёсны хүсэлт, хоёр улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр цагаачилж гарсан болохыг дурджээ. Х.Феррер АНУ-ын Майамид ирснийхээ дараахан орон нутгийн сэтгүүлчдэд ярилцлага өгч, тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ хэлсэн байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Кубын цагаач гаралтай Марко Рубио Төрийн департаментын цахим хуудаснаа “Кубын ардчиллын хөдөлгөөний зоригт удирдагч Х.Феррер олон жилийн хүчирхийлэл, заналхийллийг тэвчсэний эцэст өнөөдөр АНУ-д хүрэлцэн ирлээ" гээд түүнийг ирсэнд баяртай байгаагаа илэрхийлсэн байна. Кубын Эх орончдын нэгдсэн эвлэл (UNPACU)-ийн удирдагч Х.Феррер бол улс орныхоо коммунист тогтолцоог олон жил эсэргүүцэн тэмцсээр ирсэн хүн юм. Тэрбээр 2003 оны гуравдугаар сард Засгийн газрын эсрэг тэмцэгчдийг саатуулах үеэр цагдаа нарт баривчлагдаж, 25 жилийн хорих ял авч, хорь гаруй жил шоронд хоригдсон байна. 2011 онд католик шашны зуучлалаар шоронгоос суллагдсаны дараа Кубын Засгийн газар түүнийг эх орноо орхин гарахыг шаардах болжээ. Х.Феррер 2021 онд хүнсний хомсдол, цахилгаан эрчим хүчний дутагдлыг эсэргүүцсэн хэргээр дахин шоронд хоригдоод энэ оны нэгдүгээр сарын эхээр суллагдсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.