Камерун улсын ерөнхийлөгч 100 нас хүртлээ улсаа удирдана
Африкийн Камерун улс нь элсэн цөл, ширэнгэн ой, уул нуруу, далайн эрэг зэрэг байгалийн олон янзын тогтоц, уур амьсгалтай, өөр өөр хэлээр ярьдаг 250 гаруй үндэстнээс бүрдсэн өвөрмөц орон юм. Энэ онцлогоор нь "Бяцхан Африк" гэж нэрлэдэг. Хамгийн сонирхолтой нь тус улсын ерөнхийлөгч 100 нас хүртлээ төрийн эрх барих магадлалтай байна. Эдүгээ дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн гэгдэх 92 настай ерөнхийлөгч Пол Бия энэ удаагийн ээлжит сонгуульд найм дахь удаагаа нэр дэвшиж байгаа бөгөөд ялалт байгуулах магадлал өндөр байгаа аж.
Камеруны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа долоон жил, хэдэн ч удаа нэр дэвшиж болдог тул түүнд бүх насаараа улсаа удирдах эрх нээлттэй бий. Ерөнхий сайдын албыг хашиж байгаад 1982 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон тэрбээр 43 дахь жилдээ засгийн эрх барьж байгаа бөгөөд өмнөх сонгуульд 71 хувийн саналаар үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ удаагийн сонгуульд 11 нэр дэвшигч өрсөлдөж байгаа хэдий ч хамгийн хүчтэй өрсөлдөгч гэх сөрөг хүчний нэр дэвшигчийг Сонгуулийн хороо нэр дэвшүүлэхээс татгалзаж, энэ шийдвэрийг Үндсэн хуулийн цэц дэмжжээ. Тиймээс Пол Бияд бараг өрсөлдөгч байхгүй тул сонгуулийн сурталчилгаа ч хийсэнгүй. Хэрэв сонгуульд ялалт байгуулж долоон жилийн бүрэн эрхээ дуусгавал 1932 оны хоёрдугаар сард төрсөн тэрбээр 100 настай төрийн тэргүүн болно. Пол Бия 1990-ээд онд ардчилал, олон намын тогтолцоо, барууны маягийн сонгуулийн системийг нэвтрүүлэх гэж оролдсон ч аажмаар дарангуйлагч болж хувирсан юм. 2008 онд тэрбээр ерөнхийлөгчид нэр дэвших хугацааны хязгаарлалтыг цуцалж, бүх насаараа төр удирдах замаа зассан байна.
Дэлхий даяар 30 гаруй жил төр удирдаж буй долоон ерөнхийлөгч байгаагийн тав нь Африкт байдаг. Тухайлбал Экваторын Гвиней улсын ерөнхийлөгч, эдүгээ 83 настай Теодоро Обианг Нгуэма Мбасого 1979 онд төрийн эргэлт хийж ерөнхийлөгч болсноос хойш 46 дахь жилдээ засгийн эрх барьж байна. Бүгд Найрамдах Конго улсын ерөнхийлөгч, эдүгээ 81 настай Денис Сассу Нгуессо 1979 онд мөн төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гаран хугацаагүй засаглаж явсаар 1992 оны сонгуульд ялагдсаны дараа босогчдын армийг удирдан иргэний дайн хийж, 1997 онд эрх мэдлээ эргүүлэн авчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







