Газын бүсийн энхийн хэлэлцээрт гарын үсэг зурав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зохион байгуулсан Газын бүсийн энхтайвны дээд хэмжээний уулзалт өчигдөр Египетэд болж, энхийн хэлэлцээрт гарын үсэг зурав. Уулзалтад АНУ, Египет, Катар, Турк, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, Унгар, Йордан, Бахрейн, Пакистан зэрэг 20 орчим орны удирдагчид оролцов. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар мөн хүрэлцэн ирж, Д.Трамп, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сисийн хамт хурлыг даргалжээ. Харин холбогдох талууд болох Израиль, ХАМАС бүлэглэлийн удирдагчид ирсэнгүй. Уулзалтад оролцоогүй шалтгаанаа Израилийн Ерөнхий сайдын тамгын газар "Еврей үндэстний амралтын өдөртэй давхацсан" гэж тайлбарлав. Харин уулзалтад оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан ХАМАС бүлэглэл Катар, Турк улсын төлөөлөгчөөр дамжуулан зэвсэг хураах тухай яриа хэлэлцээг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Д.Трамп уулзалтыг нээж хэлсэн үгэндээ "Газын зурваст энх тайван ирлээ" гээд “Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн даамжирч дэлхийн III дайнд хүрнэ гэсэн түгшүүр байсан ч бид үүнийг энхийн замаар шийдвэрлэж чадлаа” гэв. Удирдагчид олон улсын хяналтын байгууллага байгуулах, Газын бүсийг сэргээн босгох сан байгуулах, иргэний хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх, Газын Захиргааны зөвлөлийг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын гавьяаг үнэлж, Египетийн иргэний дээд одонгоор шагнан "Ерөнхийлөгч Д.Трампын оролцоогүйгээр энэ бүс нутагт энх тайван тогтох боломжгүй байсан" гэж мэдэгджээ. Дэлхийн хэвлэлүүд энэ удаагийн уулзалтыг 1978 оны Кэмп Дэвидийн хэлэлцээрээс хойшх Ойрхи Дорнодод болсон хамгийн өргөн хүрээтэй, энх тайвны хүчин чармайлтыг илэрхийлсэн уулзалт гэж тодорхойлсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







