Япон: “Сүнсгүй байр” гэсэн гэрчилгээ олгодог үйлчилгээ бий болжээ
Япон улсад амиа хорлосон, хүн амины хэрэг гарч байсан, сүнстэй гэх зэрэг шалтгаанаар зарагддаггүй байранд тандалт судалгаа хийдэг үйлчилгээ бий болжээ. “South China Morning Post” сонин энэ чиглэлээр мэргэшсэн “Kachimodo” компанийн талаар мэдээлснийг үзвэл, тус компани дээрх шалтгааны улмаас борлогддоггүй байрыг шинжлэх ухааны үүднээс судалж үзээд "Энэ байшин сүнсгүй" гэсэн гэрчилгээ олгодог аж. 2022 онд компаниа үүсгэн байгуулсан Казүтоши Кодама өөрийгөө "сүнс судлаач" гэж хошигнон нэрлэжээ. Тэрбээр "Бид барилгын дотор сүнс байгаа эсэхийг шалгахын тулд видео камер, дулаан мэдрэгч, цахилгаан соронзон орон хэмжигч, барометр, термометр, дуу хураагч зэргийг ашигладаг. Улмаар байгалийн элдэв үзэгдлийг давтамж, цаг хугацаагаар нь бүртгэж, онцгой содон зүйл илрээгүй тохиолдолд гэрчилгээ олгодог" гэсэн байна. Саяхнаас тус компани нэгэн эмэгтэй амиа хорлосон, удалгүй хүү нь нас барсан гэх байшинг шалгаж байгаа бөгөөд захирал К.Кодама өөрөө уг байранд 20 гаруй хоног амьдарч, сэжигтэй зүйл байгаа эсэхийг хянаж байгаа гэнэ. Ийм үйлчилгээний төлбөр байрны хэмжээнээс хамаарч өдөрт 80-150 мянган иен байдаг аж. Японд сүнс золгүй явдал дагуулдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Түүгээр үл барам одоо мөрдөгдөж буй Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд, худалдахаар зар тавьсан байранд ямар нэг эмгэнэлтэй явдал тохиолдож байсан бол борлуулагч тэр тухай заавал мэдээлэх үүрэгтэй гэж заасан байдаг байна. Байр авсан хүмүүсийн дийлэнх нь лам, бөө залж засал хийлгэдэг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







