Австрали эмэгтэй турникэнд 733 удаа суниаж дэлхийн дээд амжилт тогтоов
Австралийн иргэн, цагдаагийн албан хаагч эмэгтэй нэг цагийн хугацаанд турникэнд 733 удаа суниаж дэлхийн дээд амжилт тогтоов. 32 настай Жэйд Хэндерсон нэг цагт 733 удаа таталт хийсэн нь эмэгтэйчүүдийн дээд амжилт болсон гэдгийг Гиннесийн номын алба нотолжээ. 2016 онд мөн австрали эмэгтэй Ава Кларк 725 удаа суниаж дээд амжилт эзэмшиж байсан бөгөөд энэ үзүүлэлт арав шахам жил хадгалагдсан аж. Ж.Хэндерсон "Би дэлхийн дээд амжилтыг эвдэх зорилго тавьж олон жил өөрийгөө бэлдсэн. Дэлхийн эмэгтэйчүүдийн манлай болж оюун ухаан, бие бялдрын чадвараа шалгахыг хүссэн" гэжээ. Тэрбээр сүүлийн найман жил дараалан өндөр зэрэглэлийн “CrossFit” тэмцээнд оролцож байгаа бөгөөд ажил дээрээ стресст орсон, бухимдсан үед дасгал хөдөлгөөн юунаас илүү тус болдог гэдгийг хэлсэн байна. Бэлтгэл хийж байхдаа 12 цагийн дотор 3500 удаа таталт хийх дасгалд хэт улайрснаас булчиндаа гэмтэл авч байсан аж. Тиймээс дахин бэртэл авахаас зайлсхийж нэг цагийн дээд амжилт эвдэхээр зорьсон гэдгээ хэлсэн байна. Энэхүү амжилт амаргүй байжээ. Тэрбээр "20 орчим минут үлдээд байхад гар минь тасрах шиг болсон. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч энэ бүхнийг даван туулах ёстой гэж өөртөө хатуу хэлсэн. Зорьсондоо хүрч өөрийгөө ялсандаа баяртай байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







