Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч хүртлээ

Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч хүртлээ


   Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналыг Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Мария Корина Мачадо хүртлээ. М.Мачадо бол одоогийн ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг хатуу шүүмжилж, түүнийг сонгуулийн луйвар, авлигын хэрэгт буруутган Засгийн газрын эсрэг томоохон жагсаал цуглаан зохион байгуулсан сөрөг хүчний "Vente Venezuela" намын тэргүүн юм. Нобелийн хороо түүнийг "Венесуэлийн ард түмний хууль ёсны эрхийг хамгаалж, дарангуйлагч дэглэмээс тайван замаар ардчилалд шилжихийн төлөө тууштай тэмцэгч" хэмээн үнэлсэн байна. 1901 оноос хойш Нобелийн хороо дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулсан хувь хүн, байгууллагад тус шагналыг олгож ирсэн бөгөөд М.Мачадо нь 106 дахь шагналтан болж байна. Тэрбээр 11-ний өдөр ВВС телевизэд ярилцлага өгөхдөө "Дэлхий дахины энх тайвны төлөө АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын гаргаж буй зүтгэлд би гүнээ талархаж байна" гэжээ. Улмаар шагнал хүртсэн даруйдаа Д.Трамптай утсаар ярьж талархал илэрхийлсэн байна. 

   1967 онд төрсөн М.Мачадо гангийн үйлдвэрлэл эрхэлдэг "Cibensa" компанийн эзэн чинээлэг айлын дөрвөн охины том нь аж. Тэрбээр их сургуулиа үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд 2010 оноос улс төрд орж, парламентын түүхэнд хамгийн өндөр санал авч гишүүнээр сонгогдсон байна. Харин 2014 онд түүнийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн юм. Дараа нь М.Мачадо 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшсэн боловч Венесуэлийн Дээд шүүх төрд албан тушаал хаших эрхийг нь 15 жилээр хассан аж. Ерөнхийлөгч Н.Мадуро гурав дахь удаагаа сонгогдсоны дараа түүнийг жагсаал хийсэн хэргээр баривчилж саатуулсан ч удалгүй суллажээ. Одоо түүнийг эх орондоо нууц байдалд байгаа хэмээн олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.