Унгарын зохиолч Ласло Краснахоркаи утга зохиолын Нобелийн шагнал хүртэв

Унгарын зохиолч Ласло Краснахоркаи утга зохиолын Нобелийн шагнал хүртэв


   Унгарын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, эдүгээ 71 настай Ласло Краснахоркаи 2025 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналыг хүртлээ. Тус улсаас утга зохиолын салбарт зохиолч Имрэ Кэртэш 2002 онд анх Нобелийн шагнал хүртсэн бол Л.Краснахоркаи хоёр дахь нь болж байна. Шведийн академи түүний бүтээлийг "Ертөнцийн төгсгөлийн тухай яригдах болсон энэ цаг үеийн айдсын дунд урлагийн хүч, нөлөөг онцгой сайхнаар дүрслэн харуулсан” хэмээн тодорхойлжээ. Улмаар "Л.Краснахоркаи бол Ф.Кафкагаас эхлээд Томас Бернхард хүртэлх Төв Европын уламжлалыг хадгалсан баатарлаг туульч. Түүний бүтээл маш баялаг агуулгатай, илүү тунгаан бодохыг шаардсан өнгө аястай” хэмээн  үнэлсэн байна. Л.Краснахоркаи өчигдөр Шведийн радиод өгсөн ярилцлагадаа "Нобелийн шагналтан болсон анхны өдөр минь эхэлж байна. Нэг талаар маш их баяртай, нөгөө талаар айдастай байна” гэжээ. Л.Краснахоркаи нь 1985 онд туурвисан "Satantango" романаараа олны анхааралд өртөж, 1989 онд бичсэн "Melancholy of Resistance" зохиолоороо нэрд гарсан ажээ. Шведийн академи мөн түүний "Satantango"  романыг "Шуугиан тарьсан зохиол" гэж үнэлсэн байна. Уг зохиолд коммунист систем нурахаас өмнөх Унгарын хөдөө нутгийн бөглүү суурингийн оршин суугчдын амьдралыг машид сэтгэл татам байдлаар дүрсэлсэн байдаг аж. 2015 онд тэрбээр Бүүкерийн шагнал хүртсэн Унгарын анхны зохиолч болж, түүнээс хойш Нобелийн шагналд байнга нэр нь яригдах болсон юм. Л.Краснахоркаи нь Унгарын зүүн өмнөд нутаг, Румыны хилийн ойролцоо орших Гюла хэмээх жижиг тосгонд, дундаж амьдралтай еврей гэр бүлд төрсөн тэрбээр залуу нас, сургууль, зохиол бүтээлийнхээ талаар дурсахдаа “Коммунист дэглэмд өссөн залуу хүү 1987 онд Баруун Берлинд очиж суралцсан явдал уран бүтээлд маань онцгой нөлөөлсөн” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.