Гэнэт их мөнгө хожсон британи эрд юу тохиолдов?
Хонжворт сугалаагаар их мөнгө хожсон даруйдаа ажлаасаа гарч, удалгүй хүнд өвчинд нэрвэгдэн шаналж яваа британи эрийн тухай BBC агентлаг мэдээлэв. Эдүгээ 39 настай Адам Лопес өнгөрсөн долдугаар сард хүнсний дэлгүүрээс сугалааны тасалбар худалдаж аваад 1 сая паунд хожсон байна. Зөөврийн тэрэгний жолоочоор ажилладаг байсан тэрбээр мөнгө хожих үедээ дансандаа ердөө 12 паундтай байжээ. А.Лопес сугалаанд хожсон даруйдаа ажлаасаа гарч, мөнгөө найр цэнгэл, аялал зугаалгад зарцуулсан байна. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 10-нд буюу аз гийж их мөнгөтэй болсноос хойш гурван сарын дараа уушгины өвчнөөр эмнэлэгт хүргэгджээ. Цусны бүлэгнэлийн улмаас уушгины судас нь бөглөрч золтой л амиа алдчихсангүй. Аз болоход хагалгаа амжилттай болж, цаашид дор хаяж хагас жилийн хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байна. Тэрбээр BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "Би гэнэт алхаж, амьсгалж чадахаа больж түргэн тусламж дуудсан. Эмнэлгийн машинд сууж явахдаа 100 сая, тэрбум, ер нь хэчнээн их мөнгө байсан ч өвчинд нэрвэгдэхийн цагт огт хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Сугалаанд хожсондоо хөөрч ажлаасаа гарсандаа машид харамсаж байна” гэжээ. А.Лопес ажлаасаа гарснаас хойш өдөр тутмынхаа амьдралын хэв маяг нь алдагдаж, нэг хэсэг амьдралаас бүрэн тасарсан тухайгаа харамсан өгүүлж, их мөнгө олон боломж олгосон ч өөрөө буруу замыг нь сонгосон гэдгээ хэлсэн байна. Эцэст нь тэрбээр амийг нь аварсан эмч нарт талархаж буйгаа илэрхийлээд, эрүүл болж хөл дээрээ боссон даруйдаа хуучин ажилдаа эргэж орохыг хүсч байгаагаа хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







