Сөүл хотын дүүрэг Нобелийн шагналт зохиолч Хан Каны байрыг худалдан авчээ
Утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн анхны солонгос зохиолч Хан Каны 20 нас хүртлээ амьдарсан байшинг Сөүл хотын Канбүк дүүрэг худалдаж авсан байна. Уг байшин нь нэг давхар, доороо агуулахтай, 259 м/кв талбайтай бөгөөд зохиолч бага сургуулийн сурагч байхдаа энд нүүн ирж суугаад, тэр цагаас утга зохиолын амьдралаа эхлүүлсэн юм. Тэрбээр энэ байшиндаа ихэд хайртай, нүүж явсан хойноо ч үе үе ирдэг байсан тухайгаа олон ярилцлагадаа дурссан байдаг. Зохиолч "Greek lessons" зохиолдоо "Чи Сүю-ри дахь манай байшинг санаж байна уу? Дөрвөн цомхон өрөөтэй, заримдаа хий үзэгдэл мэт санагдах..." гэж дүрсэлсэн байдаг бол нэг ярилцлагадаа "Орон гэрийн тухай бодох үед хамгийн түрүүнд Сүю-ри дэх байшин минь санаанд буудаг" гэсэн байдаг. Канбүк дүүргийн захиргаа Хан Каны аав Хан Сын Вонд илгээсэн захидалдаа "Байшинг соёлын үнэт зүйл болгон хадгалж, цаашид уран зохиолын уламжлалыг авч явах орон зай болгон ашиглах хүсэлтэй” хэмээн тодотгожээ. Байшингийн зохион байгуулалтыг аль болох тэр чигээр нь хадгалж, бусад засварын ажлыг хийж дуусгаад жирийн иргэд болон утга зохиолд ээлтэй хүмүүст зориулсан уран бүтээлийн ордон, уран зохиолын үнэ цэнийг сурч, мэдэх боломжтой соёлын байгууламж болгоно гэдгээ дүүргийн удирдлага амласан байна. Дүүргийн дарга Ли Сүн Хи "Хан Кан зохиолчийн амьдарч байсан байр асар үнэ цэнтэй түүх, соёлын өв мөн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







