Австри: Төрөхдөө солигдсон хоёр хүүхэд 35 жилийн дараа төрсөн эцэг эхээ олжээ
Австри улсад эмнэлгийн ажилтнуудын буруугаас болж солигдсон хоёр хүүхэд 35 жилийн дараа төрсөн эцэг эхээ олсон тухай BBC агентлаг мэдээлэв. Дорис Грюнвальд, Жессика Баумгартнер нар 1990 оны 10 дугаар сард Австрийн зүүн өмнөд нутгийн Грац хотын LKH их сургуулийн эмнэлэгт мэндэлсэн байна. Гэвч хоёул дутуу төрсөн тэд хоорондоо солигдсоноор өөр өөр эцэг эхийн гар дээр өсч хүмүүжин өдийг хүрчээ. 2012 онд Д.Грюнвальд цусаа хандивлах үеэрээ аав ээжтэйгээ цусны бүлэг нь таарахгүй байгааг олж мэдсэний дараа өөрийгөө төрсөн хүүхэд нь мөн эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Улмаар 2016 онд Австрийн ORF телевизээр энэ тухайгаа ярьсан боловч тодорхой хариу олдсонгүй. Харин Ж.Баумгартнер тэднийхээс холгүй амьдардаг байжээ. Тэрбээр нэвтрүүлэг гарахаас хэдэн долоо хоногийн өмнө хөл хүнд болж эмнэлгийн хяналтад орж шинжилгээ өгөхдөө цусны бүлэг нь эцэг эхийнхтэй нь таарахгүй байгааг мэджээ. Энэ үед эмч нь эмнэлэгт нярай хүүхэд солигдох тохиолдол байдаг тухай ярьсан байна. Улмаар Жессика, Дорис хоёр “Facebook”-ээр холбогдож танилцаад нэг ижил асуудалтай байгаагаа хуваалцан ДНХ-ийн шинжилгээ өгч үзэхэд, төрснийхөө дараа эмнэлэгт солигдсон болох нь батлагдав. Жессикагийн ээж Моника Деллер энэ мэдээг сонсоод маш их цочирдож, сэтгэл нь хямарсан боловч “Гэхдээ юу ч болж байсан Жессика миний охин хэвээр байх болно” гэжээ. Эмнэлгийн зүгээс хоёр талын гэр бүлээс уучлалт гуйж, нөхөн олговор өгсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







