Дани: 15-аас доош насны хүүхэд олон нийтийн сүлжээнд орохыг хориглоно
Дани улс 15-аас доош насны хүүхдүүд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглох хуулийн төсөл хэлэлцэх болсноо зарлав. Ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр парламентын хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Гар утас, олон нийтийн сүлжээ бидний хүүхдүүдийн бага насыг хулгайлж байна” гэж мэдэгдэв. Тэрбээр мөн сошиал сүлжээний хэрэглэгчдийг "уяанаасаа алдуурсан мангасууд" хэмээн нэрлээд, дээрх хоригийг нэвтрүүлэхэд парламенын гишүүдийг хамтран ажиллахыг уриалсан байна. Даниас гадна Франц зэрэг Европын холбооны бусад орнуудад цахим сүлжээн дэх насны хязгаарлалтыг хэлэлцэж эхлээд байгаа юм. Тухайлбал, насны хязгаарлалтыг хуульчлах нь гишүүн орнуудын эрх хэмээн мэдэгдэж байсан Европын комисс байр сууриа өөрчилжээ. Өнгөрсөн сарын 10-нд Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен жил бүрийн бодлогын илтгэлдээ цахим сүлжээг тамхи, архитай нэгэн адил зохицуулах ёстой гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм. Улмаар насанд хүрээгүй хүүхдүүдэд чиглэсэн цахим сүлжээний хоригийг хэрэгжүүлсэн Австрали улсыг "манлайлагч" хэмээн тодорхойлоод "Европ цаашид тодорхой алхам хийхийн тулд Австралийн туршлагыг анхааралтай ажиглана" гэжээ. Ирэх 12 дугаар сард хэрэгжиж эхлэх насанд хүрээгүй хүүхэд олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон шинэ хуулийн дагуу Австрали улс “Facebook”, “TikTok” зэрэг платформуудыг 16-аас доош насны хүүхэд хэрэглэсэн тохиолдолд 49.5 сая австрали доллар хүртэл торгууль ногдуулахаар болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







