Францын шинэ ерөнхий сайд ажлаа аваад сар ч бололгүй огцров

Францын шинэ ерөнхий сайд ажлаа аваад сар ч бололгүй огцров


   Францын ерөнхий сайд Себастьян Лекорню ажлаа аваад сар ч хүрээгүй байхдаа гэнэт огцрох болсноор тус улсын улс төр эмх замбараагүй байдалд ороод байна. Тэрбээр өчигдөр ерөнхийлөгч Эммануэль Макронд огцрох өргөдлөө өгсөн бөгөөд ингэснээр хоёр жилийн хугацаанд огцорсон тав дахь ерөнхий сайд боллоо. Тэдний ажилласан дундаж хугацаа ердөө зургаан сар болж байгаа бөгөөд энэ байдал нь тус улсын онцгой эрх мэдлийн бүтэц болох хагас ерөнхийлөгчийн тогтолцооноос үүдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Францад ард түмнээс шууд сонгогддог ерөнхийлөгч нь улс орны гадаад харилцаа, батлан ​​хамгаалах зэрэг өргөн хүрээний чиглэлийг тодорхойлдог. Ерөнхийлөгчөөс томилогдсон ерөнхий сайд нь парламентаас хүлээн зөвшөөрөгдсөн Засгийн газрын танхимыг удирдаж, улсын төсөв зэрэг дотоод асуудлыг хариуцдаг. Ерөнхийлөгч нь ерөнхий сайдыг томилох эрхтэй ч Үндэсний Ассамблэйд санал хураалт явуулдаг тул Төлөөлөгчдийн танхимд олонх болсон намаас ерөнхий сайдын хувь заяа хамаарна. Гэтэл ерөнхийлөгч Э.Макроны тэргүүлдэг нам Үндэсний Ассамблейд олонх болж чадаагүй юм. Иймээс Э.Макроны эдийн засгийн хэмнэлтийн бодлого, тэтгэврийн шинэчлэл зэрэг гол хуулийн төслүүд сөрөг хүчний ширүүн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Цаашилбал, ерөнхий сайдад Үндэсний Ассамблэй итгэл үзүүлэхгүй байх эрсдэл байнга тулгарах нь тодорхой байгаа юм. Өмнөх хоёр ерөнхий сайд хоёулаа төсвийн алдагдлыг бууруулахын тулд хэмнэлтийн арга хэмжээ авахыг санал болгосон боловч хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, Үндэсний Ассамблэй тэдэнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж огцруулсан билээ.

   Себастьян Лекорню нь 1986 онд төрсөн залуу улс төрч бөгөөд улс төрийн карьераа Бүгд найрамдах намаас эхлүүлж, ерөнхийлөгч Э.Макроны ойр дотнын хүн болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхааралд өртөхөөс ямагт зайлсхийж, хувийн амьдралаа ихэд нууцалдаг түүнийг "l'enigme" буюу "оньсого" гэж нэрлэдэг байв. Э.Макрон түүний хувь хүний онцлог, сөрөг хүчинтэй хэлэлцээ хийж байсан туршлагыг магтан сайшааж, улс төрийн тогтворгүй байдлыг шийдвэрлэх, төсвийг батлах амаргүй ажлыг даатгах гэж оролдсон боловч С.Лекорню албан тушаалаа авсныхаа дараа ч хэвлэлийнхнээс ямагт зай барьж, "шаардлагатай үед л ярина" гэсэн зарчмаа хадгалсаар байв. Улмаар хэмнэлтийн бодлогыг эсэргүүцсэн хэт зүүн болон хэт барууны үзэлтнүүдийн ширүүн шүүмжлэл, эсэргүүцлийн дунд тэрбээр ажлаа аваад сар ч бололгүй ийнхүү огцрох өргөдлөө өглөө. Үүний шалтгаан нь баруун болон зүүний хүчнүүдийн аль алиных нь зүгээс, шинээр байгуулагдсан Засгийн газрыг Ф.Байрүгийн хуучин Засгийн газрын гишүүдээс бүрдсэн "хуулбар кабинет" хэмээн үзэж, энэ байдал нь цаашид улс төрийн нөхцөл байдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүргэсэн ажээ. Цаашид сөрөг хүчний дэмжлэгийг авахын тулд Э.Макрон хэт зүүний үзэл баримтлалтай хүнийг ерөнхий сайдаар томилж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мөн 2017-2022 онд ерөнхий сайдаар ажиллаж байсан, эдүгээ Лө Хавр хотын захирагч Эдуар Филиппийг дахин томилно гэсэн таамаг байгаа юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.