Хуурамч Брэд Питтэд залилуулсан эмэгтэй нэг сая доллар алджээ
Францын иргэн, 53 настай Анн хэмээх бүсгүй Холливүүдийн од, алдарт жүжигчин Брэд Питтийн дүрд хувирсан луйварчинд хууртагдаж бүх мөнгөө алджээ. Тэрбээр хиймэл оюунаар бүтээсэн Брэд Питтийн хуурамч дүрийг үнэн гэж итгэн, залилагч этгээдийн данс руу нэг сая шахам доллар шилжүүлсэн байна. Анх тэрбээр 2023 оны хоёрдугаар сард өөрийгөө Б.Питтийн ээж гэж танилцуулсан нэгэн эмэгтэйгээс Инстаграм мессэж хүлээн авсан байна. Тэр эмэгтэй “Миний хүүд чам шиг бүсгүй хэрэгтэй байна” гэж бичсэн бол дараа өдөр нь өөрийгөө Б.Питт гэж танилцуулсан хүнээс "Ээж минь надад чиний тухай маш их ярьсан" гэсэн мессэж иржээ. Алдарт жүжигчин өөртэй нь гэнэт холбоо барьсанд ихэд гайхаж, бас сэжиг төрсөн эмэгтэй түүнээс гэрэл зургаа явуулахыг хүссэн байна. Гэтэл тэр дор нь Б.Питтийн хэд хэдэн зураг ирж, түүнээс хойш өдөр бүр бүсгүйд хайр сэтгэлээ илэрхийлсэн шүлэг ирэх болжээ. Залилагч этгээд энэ бүхнийг хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн байв. Гэвч энэ бүхэнд үнэмшсэн Анн бүсгүй өөрт нь анхаарал халамж тавьдаггүй нөхрөөсөө салжээ. Бүсгүй өдөр бүр "алдарт жүжигчин"-тэй цахимаар харилцсаар гэрлэхээр болсон байна. Улмаар бүсгүйд үнэтэй хуримын бэлэг илгээх гэтэл хуучин эхнэр Анжелина Жолигоос салсны улмаас дансыг нь царцаасан байгаа тул түр зуур 9000 евро зээлэхийг хүсчээ. Үүнийхээ дараахан "нэрт жүжигчин" бөөрний хорт хавдартай болсноо хэлж, эмчилгээний зардалд 60 мянган евро зээлэхийг хүсэв. Үүнийхээ баталгаа болгож, эмчлэгч эмчийн овог нэр, цахим шуудан, мөн мэс заслын орон дээр хэвтэж буй Б.Питтийн зургийг ирүүлжээ. Бүсгүй энэ бүхэнд итгэж, луйварчинд залилуулан өөрийн бүх хөрөнгө болох, хадгаламжиндаа байсан 830 мянган еврог түүний данс руу шилжүүлэв. Эцэст нь орох оронгүй болж найзындаа түр зуур амьдарсан байна. Улмаар луйварчинд залилуулсан гэдгээ мэдээд амиа хорлохыг завдаж, сэтгэцийн эмчилгээ хүртэл хийлгэжээ. Түүнийг залилсан этгээд бол Нигери улсад орогнодог гэмт хэргийн бүлэглэл байсан нь тогтоогдсон байна. Анн бүсгүй бусдад сургамж болгох үүднээс, өнгөрсөн харамсалтай түүхээ дэлгэрэнгүй өгүүлсэн "Дахиж бусдын идэш болохгүй" нэртэй ном хэвлүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







