images

Зохиолч Б.Ойдов: “Зуун жилийн ганцаардал”-ыг гучин жил уншиж байна

Н.Ариунсайхан

Миний дуртай ном

2022-12-21


“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн зочноор “Айн Жалудын цавчилдаан”, ”Луу амталсан нулимс”, “Хун шувууны инээмсэглэл”, “Ганлингийн дуу” зэрэг романуудаараа уншигчдын танил болсон зохиолч Б.Ойдов уригдав. 

Итгүүлж л чадаж байвал юу ч бичиж болно

     Миний байнга шахуу шимтэн уншдаг ширээний ганц ном бол Колумбын нэрт зохиолч Габриэль Гарсиа Маркэсийн “Зуун жилийн ганцаардал”. Бодит  амьдрал, хийсвэр зүйлсийг өөр хооронд нь салахын аргагүй холбож, шидэт реализм (magic realism) гэх төрлөөр бичсэн “Зуун жилийн ганцаардал” бол зөвхөн өөрөө алдарт хүрээд зогсоогүй, уг зохиолын нөлөөгөөр Латин Америкийн уран зохиол дэлхийд дэлгэрч танигдсан гэдэг. Зохиолч энэ зохиолоороо 1982 онд Нобелийн шагнал хүртсэн. Мөн 2002 онд Норвегийн номын клуб энэ романыг “Дэлхийн шилдэг зуун зохиол”-ын нэгээр тодруулж байв. Колумбын хөдөөх Макондо хэмээх тосгон, хурандаа Буэндиагийн удмын зургаан үеийн зуун жилийн амьдралыг харуулсан энэхүү алдарт роман дэлхийн маш олон оронд бэстсэллер болсон юм.

   Маркэс эхэндээ манайхаар бол жирийн л нэг шар хэвлэлийн сэтгүүлч байжээ. Тэрбээр хожим өгүүлэхдээ “Сэтгүүл зүйд ганцхан ташаа баримт байхад л хамаг ажлыг унагаж орхидог. Харин уран зохиолд ганц үнэн баримтаар л зохиолоо бүхлээр нь зөвтгөчихнө. Ийм л ялгаа бий. Зохиолч хүн уншигчдаа итгүүлж чадаж байвал юу ч бичиж болно” хэмээн тунхаглаж байв. “Зуун жилийн ганцаардал” романд итгэмээргүй, бас санаанд оромгүй үйл явдлууд их гардаг. Гэтэл тэр бүхнийг үнэхээр л итгүүлж чадтал нь бичсэн байдаг. Уг зохиолын жинхэнэ амт чанар чухам энд л бий. Хэрвээ итгэмээргүй зүйлсийг юу хамаагүй биччихээд, түүнийгээ итгүүлж чадахгүй бол тэр зохиол зүгээр л ердийн нэг хоосон хийрхэл болж хувирна. Харин Маркэс итгүүлж чадтал нь бичсэн болохоор “Зуун жилийн ганцаардал” нь дөч орчим хэлэнд орчуулагдаж, олон сая хувиар хэвлэгдэж, өнөөдөр хүн төрөлхтний хамгийн их уншдаг зохиолын нэг болжээ.

Зуун жилийн ганцаардал бол “Тунгалаг тамир” биш

      Зарим хүн “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад юу ч ойлгосонгүй гэж ярьсан нь бий. Энэ романд ойлгомжгүй юм юу ч байхгүй. Учир нь аливаа роман эхлэл, өрнөл, оргил, төгсгөл гэсэн маягаар бичигдэж гол баатар болон бусад дүрүүд нь анхнаасаа ямар нэгэн үйл явдалд холбогдож, тэр үйл явдал нь зохиол дуусан дуустал үргэлжилсээр эцэстээ ялалт юм уу, ялагдлаар төгсдөг. Яг л кино шиг. Харин “Зуун жилийн ганцаардал” бол Буэндиагийн удмын зургаан үеийн хүмүүсийн үйл хөдлөл, амьдрал тэмцэл, адал явдлыг эхнээс нь авхуулаад дуустал нь тоочоод явчихсан. Тиймээс энэ романаас зөвхөн нэг чиглэл барьсан гоц гойд үйл явдал хөөж унших ямар ч боломжгүй. Жишээ нь бид “Тунгалаг тамир” романыг уншихдаа “Одоо Эрдэнэ яах бол, Долгор яах бол, Цахиур Төмөр яаж төгсөх бол” гэх мэтээр хөөж уншдаг. Харин “Зуун жилийн гарцаардал”-аас иймэрхүү үйл явдлыг олж харахгүй. Тиймээс зарим хүн ойлгомжгүй гэж ярьдаг байх. Олон арван хүний адал явдлыг тоочиж бичсэн ийм зохиолыг эхнээс нь юмуу дундаас нь, төгсгөлөөс нь гээд хаанаас нь ч хамаагүй уншиж болдог. Тийм учраас би энэ романыг байнга ширээн дээрээ байлгаж, аль нэг хуудсыг нь сөхөж уншаад л сэтгэлээрээ бяцхан цэнгэчихдэг. Яагаад гэвэл энэ номын хуудас бүр нь үнэ цэнтэй. Ширээний ном гэхээр уг номыг эхнээс нь аваад дуустал дахин дахин уншаад байхыг хэлдэггүй. Өдөрт ганц хоёр хуудас, эсвэл долоо хоногт хэдэн хуудас хаанаас нь ч хамаагүй шүүрч авч уншаад байхыг л “Ширээний ном” гэж онцолдог болов уу. Утга зохиолын шүүмжлэгч, судлаач нар уг романы бичлэгийн энэхүү сонин арга барилыг “Шидэт реализм” гэж дүгнэсэн ч байж магадгүй юм.

Хамгийн аймаар ганцаардлыг туулсан хүн нь Урсула

     “Зуун жилийн ганцаардал” романд зуу гаруй хүний адал явдал дүрслэгдсэн. Тэр бүхнээс Урсула болон хурандаа Буэндиагийн зан араншин, үйл хөдлөл илт ялгардаг. Урсула бол гайхамшигтай эмэгтэй. Дүрсгүй, хэнэггүй, гаж сэтгэлгээтэй, галзуу солиотой гэмээр Буэндиагийнхны зургаан үеийг нэгэн байшинд хамтдаа туулж, зуу гаруй наслахдаа Урсула тэдний бүхий л амьдралыг сайн сайхнаар зохицуулах гэж шоргоолж шиг зүтгэж ирсэн. Энэ хүн байгаагүй бол Буэндиагийн тэр байшин галзуу солиотнуудын оромж болж дуусах байсан. Гэвч Урсулагийн амьдралын төгсгөл нь дэндүү эмгэнэлтэй. Ная гаруй насандаа хоёр нүд нь юу ч харахгүй болж сохордог. Тэглээ ч үр ач нараасаа сохорсоноо тас нууж хараатай юм шиг орчлонг туулах гэж тэмцдэг. Хэрвээ сохор гээд мэдэгдчихвэл цаадуул нь хүний тооноос хасчихна. Сүүлдээ бие нь жижгэрсээр тохойн чинээхэн болж, дүрсгүй ач, гуч нар нь түүнийг нялх хүүхэд болгоод манцуйлан тоглож, бас агуулахын шүүгээнд хийгээд нууж мартсанаас Урсула эгээтэй л харханд идүүлчихэлгүй амьд гардаг. Хамгийн аймаар ганцаардлыг зуун жил туулсан хүн бол Урсула гэж би боддог. “Цаг хугацаа урагш явдаг бус тойргоор явдаг, нэг л тойргоор эргэж байдаг” гэж хэлдэг Урсулагийн энэ үгэнд уг романы бүхий л үйл явдлын гогцооны тайлал оршиж байдаг тухай судлаачид хэлсэн нь бий.

Буэндиагийн дотор юу байв?

   Гэхдээ зохиолч маань Урсула дээр тулгуурлаж романаа Зуун жилийн ганцаардал гэж нэрлээгүй юм билээ. Ганцаардал гээчийг уншигчид миний номноос өөр өөрсдийнхөөрөө ойлгоорой гэж хэлсэн байдаг. “Зуун жилийн ганцаардал-ыг бичих болсон гол зорилгынхоо талаар Маркэс Харанхуй том байшинд шороо иддэг охин дүү, ирээдүйг зөгнөж ярьдаг эмэг эх, аз жаргал болоод солиорол галзуурлыг ялгадаггүй адилхан нэртэй хамаатнуудынхаа дунд өнгөрүүлсэн хүүхэд ахуй тэр л цаг мөчөө уран зохиолын хэлээр бичиж үлдээх ёстой байсан гэж хэлсэн байдаг. Хурандаа Буэндиагийн хувьд бол дэндүү хэнэггүй, зарим үед солиотой ч юм шиг, бас их марзан явдалтай хүн. Олон жил дайнд оролцохдоо голдуу ялагдал хүлээж байсан энэ хэнэггүй эрийг уншигчид эхнээс нь аваад дуустал нь марзандуу маягтайгаар нь олж харсан байдаг. Харин түүний дотоод сэтгэлд ямар айхтар шаналан нуугдаж байдгийг мөнөөх марзан зан чанар нь төдийлөн товойлгож өгдөггүй. Харин сайтар уншиж анзаарсан хүнд бол түүний аймаар шаналангууд үе үе цухалздаг. Наад захын жишээ гэхэд л нэгэн жаал хүү өвөөтэйгөө хамт нимбэгний ундаа уух гэж мухлагт очоод хажуудаа байсан цагдаагийн бага даргын дүрэмт хувцсан дээр ундаагаа асгачихдаг. Тэгтэл тэр зэрлэг цагдаа жаал хүүг хурц мэсээр цавчин хөнөөдөг. Мөн тэр цагдаа ачийгаа өмөөрсөн өвгөний толгойг ганцхан цавчаад хаячихна. Үүнийг нүдээрээ харсан хурандаа Буэндиа урландаа алтан загас урлаж суухаа болиодЗа байзаарай, удахгүй би хөвгүүддээ буу өгөөд энэ муусайн гринго нарыг цааш нь харуулъя, гайгүй!” гэж занадаг. Эх оронч сэтгэлгээ нь олон юман дээр хөдөлж байгаагүй ч үүн дээр жинхэнэ оволзон гарч ирнэ. Гэвч төдөлгүй үл үзэгдэгч алуурчид хурандаа Буэндиагийн арван долоон хөвгүүнийг нэг суурин дээр чандага шиг алж хяддаг. Үүнийг сонссон Буэндиагийн зүрх сэтгэлд түймэр шатаж, цаашдаа түүний үс хувхай цайж байсаар хэн ч биш болно. Загалмайлсан эцэг киноны төгсгөлд Майкл Корлеоне хайртай ганц охиноо мафийнханд алуулчихаад хэрхэн гуниглаж суудаг билээ, яг түүн шиг... Гэвч түүний бүхий л шаналангууд марзан үйл явдлуудад нь дарагдаад өнгөрдөг.

Маркэс надад юу өгөв?

     “Зуун жилийн ганцаардал”-ыг уншихад юунд ч гацаж тордоггүй гоё бичлэгтэй. Уйтгартай бөгөөд нуршуу, уянгын халил ихтэй номыг бол би хэдэн хуудас уншаад л залхуу хүрээд хаячихдаг. Надад ингэж сэглээд, сэглээд хаячихсан ном зөндөө байна. Харин ерээд оны эхэн үед “Зуун жилийн ганцаардал”-ыг олж уншаад амнаас гал бутрах шиг болж билээ. Тэгээд хэрвээ зохиол бичвэл ингэж л бичих ёстой юм байна гэж ухаарсан. Тэр үед би хэдэн халтар шүлэгтэй, сонины хэдэн нийтлэл, ярилцлагатай л байлаа. Ингээд зохиол бичихээр шийдэж, “Зуун жилийн ганцаардал”-ын олон янзын нууцыг мэдэж авахаар болов. Утга зохиолын шүүмжлэгч нар уг романы амин сүнс нь ид шид, зөн совин, үлгэр домгийн сэтгэлгээн дээр тулгуурлажээ гэж дүгнэсэн байдаг.

   Тэгээд би эрт цагийн сонин хачин домог судалж, сурвалжилж байсаар хүн овогтон хоёр залуу эртний Энэтхэгийн алдарт Наландарын хийдийг ариун дияаны ид шидийн хүчээр ялан дийлж ор мөргүй шатаасан гэх маш сонин домгийг улааны шашны нэгэн ламаас олж сонсоод “Эфталитын хүн овогтнууд” гэдэг роман бичиж эхэлсэн. Удалгүй үүнийгээ орчин цагтай уялдуулж “Ганлингийн дуу” нэртэй болгосон. Эхлээд шүлэглэсэн роман маягаар бичиж байгаад үргэлжилсэн үгээр бичсэн уг романыхаа гар бичмэлийг их зохиолч Лодонгийн Түдэв гуайд айж ичилгүй үзүүлэхэд “Чамд авъяас байна. Бас зохиолын санаа чинь мундаг юм. Харин бичлэг чинь түүхий байна. Тиймээс юуны өмнө бичиж сурах хэрэгтэй” гээд намайг өөрийн эрхэлж байсан “Үнэн” сониндоо шууд ажиллуулж байлаа.

   Гэхдээ “Ганлингийн дуу”-г бичиж хэвлүүлэхээ хойшлуулах, бас энэ тухай ерөөсөө бичиж болохгүй юм байна гэж жийрхсэн нэг онцгой шалтгаан байсан юм. Тэр үед би энэ зохиолынхоо тухай, бас нисванисын хорлол гээчийн тухай аймшгийн юм бичихийн тулд найз Бэхбаатарыгаа хань татаад харанхуй шөнөөр Далан давхарыг зорьж байв. Учир нь “Ганлингийн дуу”-гийн эхэн хэсэгт Даянанда хэмээх улааны шашны өвгөн лам Барамба, Шиважи хэмээх хоёр шавиа дагуулаад оршуулгын газраар олон хоног явж жарз хийдэг юм. Тиймээс Бэхбаатар бид хоёр нэг л их бодит амьдрал судалж байгаа мундаг хүмүүс аятай харанхуй шөнө Далан давхараар баахан тэнэж яваад аймшиг гээчийгээ ч олж мэдэрсэн юмгүй үүрээр гэртээ иртэл манай эхнэр орой ажлаасаа ирж хоноогүй байлаа. Тэгтэл намайг яг шарил дундуур тэнэж явах үед муу ёрын зөн совин нүүрлэсэн ч юмуу, эхнэрийг маань гурван гэмт этгээд нүдийг нь боогоод машиндаа авч явсан байв. Энэ тухай цааш нь ярихын ч хэрэггүй. Энэ бол миний өмнөх эхнэр л дээ. Хамгийн гол нь миний бичих гээд солиорч явсан “Ганлингийн дуу” романд Барамба гэгч цайчихсан этгээд бүсгүй хүний дунд чөмгөөр ганлин хийхээр шөнө оройн цагаар ганцаараа яваа эмэгтэйг машиндаа хүчээр суулгаад авч явдаг. Тэгтэл миний бичиж байсан яг энэ үйл явдал тэр орой миний амьдралд тохиолдсон хэрэг. Үүнээс би маш муухай сэжиг төрөөд “Ганлингийн дуу”-г дахин сайжруулан бичих ямар ч хүсэлгүй болсон. Энэ романыг цаашид гаргах тухай бодлыг оюун санаанаасаа арчиж хаясан даа.

   Ингээд хорь гаруй жилийн дараа буюу 2020 онд ковидын үед гэртээ хоригдон гиюүрч суухдаа ерээд оны сонин сэтгүүлийн архивуудаа ухаж байтал “Ганлингийн дуу” романы гар бичмэл гараад ирдэг юм. Тэгээд эхнээс нь гүйлгэж хараад “Одоо тэр ёр совин хэдийнэ арилсан” гэж үзээд жаахан засч найруулаад хэвлүүлтэл гарсан даруйдаа бэстсэллер болсон. Тэглээ гээд “Зуун жилийн ганцаардал”-ын хаана нь ч хавьтаж очсонгүй. Зохиол бичих гэж хамаг амьдралаа шал дэмий үрж явна. Ингэж хөөрцөглөж явахын оронд сайн уншигч байхгүй яав даа гэж бодох үе бас бий. Гэхдээ “Зуун жилийн ганцаардал”-ыг уншаад би аархал, хийрхэл, омогшил гээчийг олж авсан. Энэ романыг би гучаад жил уншиж байна. Ялангуяа шинэ зохиол эхлэх үедээ энэ романыг заавал уншиж сэтгэлийн таашаал, хэмнэл, эрч хүч, аархал, омогшил авдаг. Тэгээд зохиолоо бичдэг юм. “Төрт ёс-Хаадын сан”-гаас түүхэн зохиолын уралдаан зарлах үед “Айн Жалудын цавчилдаан”-ыг бичихдээ би “Зуун жилийн ганцаардал”-ыг эхлээд уншив. Амьхандаа бичлэгийн хэмнэлийг нь авах гэж оролдсон. Гэвч чадаагүй. Харин аархал, омгорхлыг бол авч чадсаан. Юу гэж аархсан гээч? “Маркэс гэдэг хүн ийм сайхан роман бичээд Нобелийн шагнал авчихаад байхад мань мэт нь ёстой арчаагүй юм. Тэгсэн ч би тэр Төрийн соёрхолтнууд, Соёлын гавъяат зүтгэлтнүүдийн өмнө нь гишгэнэ. Миний энэ зохиол түүхэн зохиолын уралдаанд түрүүлнэ. Харж л байгаарай” гэх мэтээр цээжээ дэлдсэн. Яадгийм, би хааяа ингэж аархдаг. Ингэхгүй бол олигтой бүтээл ч төрөхгүй, уран зохиол биш усан зохиол урсана. Аархал, омогшил гэдэг үнэндээ хүчтэй шүү. Гэхдээ өчүүхэн би омогшлоо, омогшлоо гээд энэ муу хорчгор цээжээ хоосон дэлдээгүй ээ. Маркэс шиг бичих юмсан гэж мачийсан. Гэвч түүний зиндаанд хүрнэ гэж юу байхав дээ. Чааваас даа, зөвхөн Монголдоо... Тэгээд нээрээ л зөвхөн Монголдоо дээрх томчуудыг ардаа гишгэсэн дээ. Өмнө нь ч бас өөр бусад зохиолын уралдаанд эд нарын дээгүүр гишгэж л явлаа. Гэвч эдгээр гишгэлтүүд бол юу ч биш, би өөрөө хэн ч биш гэдгээ өдгөө улам бүр ухаарах боллоо.

Макондог хайсан минь

   Миний сэтгүүл зүйн багш Г.Аким гүүш “Зуун жилийн ганцаардал”-ыг гайхалтай сайхан орчуулсан. Тэртээ нэгэн цагт “Ил товчоо” сонинд хамтран зүтгэж байхдаа Аким гүүшээс “Зуун жилийн ганцаардал”-ыг гарын үсэгтэй нь авч байлаа. Гэхдээ энэ номыг би аль ерээд оноос л хулгайд алдаж байсаар одоо Аким гүүшийн гарын үсэгтэй ном ч байхаа больсон. Одоо байгаа “Зуун жилийн ганцаардал” бол миний худалдаж авсан ес дэх ном юм. Найм дахь номоо би хүү Эрдэнэбүрэндээ хадгалуулсан.

   Өнгөрсөн зун Аким гүүш, яруу найрагч Н.Лутбаяр бид хэд Сүхбаатар аймагт болсон хатагинчуудын наадамд оролцож шүлэг дуугаа өргөв. Тэр үед би Аким гүүштэй “Зуун жилийн ганцаардал”-ын талаар өдөржин хүүрнэж билээ. Испани хэлээр бичсэн уг романыг Аким гүүш орос хэлнээс орчуулсан ч зарим эргэлзсэн зүйлээ испани эхээс нь тольдон үзэж, испанич нөхдөөс уйгагүй лавлан байж утгыг нь дүйлгэж, уран санааг нь гаргаснаа яриад “Манай орос ах нар зарим үг хэллэг, үйл явдлыг жаахан худлаа залчихсан байна лээ” гэж өгүүлж билээ. “Зуун жилийн ганцаардал” романыг Аким гүүшээс гадна орчуулагч Ч.Баатар монгол хэлнээ хөрвүүлсэн. Ч.Баатарын орчуулгыг нэг удаа олж харсан боловч Аким гүүшийн уран тансаг үг хэллэгт дасчихсан болохоор гүйцэд уншаагүй.

   Ингэхэд “Зуун жилийн ганцаардал” романы үйл явдал тэр чигээрээ зуун жил хөврөн урсдаг Колумбын Макондо сууринг бодит тосгон биш, Макондо гэдэг бол зохиомол нэр гэж зарим нэг хүн бичсэн байдаг. Би ч бас зохиомол нэр л гэж бодож байлаа. Харин 2017 онд Колумб улсад зохиогдсон дэлхийн яруу найргийн наадамд манайхаас яруу найрагч Д.Галсансүхийг оролцох үед би түүнд “Нэгэнт наанаа очсон юм чинь Макондо суурин гэж үнэхээр байсан уу, байдаг бол тэр газар нь очоод зургийг нь аваад ирээрэй” гэж захиж байв. Үүний хариуд Галсаа “Макондо гэж суурин үнэхээр байдаг юм байна. Даанч миний байгаа газраас их хол, далай тийшээ гэнэ. Онгоцоор явж очдог тул тийшээ явах боломж гарсангүй” гэж билээ.

Г.Аким гүүшийн хамт

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.