Цасан шуурганы улмаас Эверэст ууланд олон зуун хүн түгжигдээд байна

Цасан шуурганы улмаас Эверэст ууланд олон зуун хүн түгжигдээд байна


   Хятадын Төвөдийн өөртөө засах орны нутаг, Эверэстийн зүүн энгэр орчимд хүчтэй цасан шуурга шуурсны улмаас олон зуун уулчин түгжигдсэн байна. CCTV-ийн мэдээлснээр, 350 уулчныг аврагчдын тусламжтайгаар ойролцоох Куданг тосгон руу нүүлгэн шилжүүлж, үлдсэн 200 уулчинтай холбоо тогтоогоод байгаа бөгөөд тэднийг орон нутгийн засаг захиргаанаас зохион байгуулсан аврах багийн туслалцаатайгаар аюулгүй газар луу шилжүүлэхээр болжээ. Хятадын үндэсний баяр, намрын дунд сарын баярын амралт үргэлжилж байгаа энэ үед олон зуун уулчин Эверэстийн оргилд хүрэх зүүн зам болох Карма хавцалд очоод байсан аж. 4200 метрийн өндөрт орших Карма хөндийд өнгөрсөн 3-ны оройноос цас орж эхлээд дараа өдрөөс нь шуурга тавьжээ. Үүнээс улбаалан Төвөдийн Аялал жуулчлалын газар Эверэст рүү нэвтрэх, тасалбар худалдахыг түр зогсоогоод байна. Орон нутгийн “Jimu News” сонины мэдээлснээр нийт 1000 орчим хүн тус нутагт түгжигдсэн бөгөөд нутгийн тосгоны оршин суугчид болон аврах багийнхан цасанд боогдсон замыг цэвэрлэж эхлээд байна. Тус нутаг нь Энэтхэгийн борооны улирал дуусч, тэнгэр цэлмэдэг 10 дугаар сард хөл хөдөлгөөн хамгийн их байдаг ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.