Холливүүдийн уран бүтээлчид Д.Трампын эсрэг бүлгэм байгуулжээ
1960-80-аад оны Америкийн киноны од Жэйн Фонда тэргүүтэй Холливүүдийн уран бүтээлчид үг хэлэх эрх чөлөөг хамгаалах зорилготой сайн дурын байгууллага үүсгэн байгуулсан тухай CNN мэдээлэв. Эдүгээ 87 настай Ж.Фондагийн санаачилсан уг байгууллага “Committee for the First Amendment” нэртэй бөгөөд 1940-өөд онд маккартизмыг эсэргүүцэх зорилгоор мөн уран бүтээлчдийн байгуулж байсан бүлгэмтэй төстэй юм. Тэрбээр "Энэ байгууллага бол эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх зорилготой бүлэг. Нэгэн цагт америкчууд нэгдэж Үндсэн хуулийнхаа зарчмыг хамгаалж, дарангуйлагч хүчний эсрэг зогсон ялалт байгуулж байсан. Гэтэл одоо маккартизм эргэн ирж байна. Одоо бид дахин нэгдэх цаг болжээ” гэсэн байна. Улмаар "Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь америкчуудын салшгүй эрх юм. Либерал, эсвэл консерватив байхаас үл хамааран эрх баригчдыг шүүмжлэх, эсэргүүцэх, тэр ч байтугай тохуурхах эрх бидэнд бий” гэжээ. Мөн аав нь үзэл санаа нэгт уран бүтээлчдийн хамт эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, шоронд хүртэл хоригдож байсныг онцлон хэлсэн байна. Түүний эцэг Хэнри Фонда Засгийн газрын дарангуйллын эсрэг зогсож, 1947 онд Хэмфри Богарт, Фрэнк Синатра, Жүди Гарланд нарын алдартай жүжигчдийн хамтаар эрх чөлөөний төлөө тэмцэх бүлэг байгуулж байсан юм. Сүүлийн үед АНУ-д үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж байгаа талаар нэлээд яригдах болоод байна. Улс төрийн идэвхтэн Чарли Көркийн амь насыг хөнөөсөн талаар шүүмжилсэн үг хэлснийх нь төлөө эрх баригчид "Jimmy Kimmel Live" нэвтрүүлгийг зогсоосон бөгөөд Дональд Трамп уг шийдвэрийг сайшааж "Сайхан мэдээ байна” хэмээн тохуурхсан. Үүнийг уран бүтээлчид ихээр шүүмжилж "Шинэ цагийн маккартизм" хэмээн нэрлээд, АНУ-ын Засгийн газар өргөн нэвтрүүлгийн агуулгыг цензурдах хүртлээ дарангуй болж буйг эсэргүүцэж байгаа юм. 1940-өөд онд сенатор Жозэф Маккарти санаачлан Америкийн эсрэг үзэл бодолтой хэмээн иргэдийг олноор нь мөрдөн мөшгиж, хавчин хяхаж байсан үзэгдлийг түүхэнд маккартизм хэмээн нэрлэдэг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







