Япон: Саятан эр орон сууцны хорооллын цэвэрлэгч хийж байна

Япон: Саятан эр орон сууцны хорооллын цэвэрлэгч хийж байна


   Түрээсийн орлого, хувьцааны хөрөнгө оруулалтаас жил бүр 30 сая иен олдог япон эр өөрийгөө бие эрүүл, ажлын чадамж сайн хэмээн үзэж цэвэрлэгчээр ажиллаж байна. Тус улсын “The Gold Online” сайт Токио хотын нэгэн орон сууцны хорооллын нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгч, 56 настай Мацүбарагийн тухай нийтэлжээ. Тэрбээр долоо хоногт гурван өдөр, өдөрт дөрвөн цаг ажилладаг бөгөөд сард 100 мянган иенийн цалин авдаг гэнэ. Энэ нь тус хотын иргэдийн сарын дундаж цалинтай харьцуулахад хамаагүй бага мөнгө боловч тэрбээр цалингаас тусдаа чамгүй их орлоготой "нууц саятан" гэгддэг, Токио болон бусад хотуудад долоон орон сууц эзэмшдэг, хувьцаа болон сангийн хөрөнгө оруулалтаас жил бүр 30 сая иен олдог ажээ. Бага насаа ээжтэйгээ хамт өнгөрөөсөн тэрбээр шаргуу хөдөлмөрлөж, олсноо хэмнэх нь хамгаас чухал гэдгийг багаасаа мэдсэн гэнэ. Дунд сургуулиа төгсөөд үйлдвэрт ажиллаж сард 180 мянган иенийн цалин авдаг байжээ. Энэ үедээ амьжиргааны зардлаа эрс багасгаж, мөнгөө хэмнэсээр хэдхэн жилийн дотор 3 сая иен хуримтлуулж, багахан орон сууц худалдан авчээ. Бүхнийг хэмнэх, ариглаж гамнах энэ зуршлаа тэрбээр насан туршдаа баримталсан бөгөөд аль болох хямдхан байранд амьдарч, хоолоо өөрөө хийж, сүүлийн арав гаруй жил шинэ хувцас аваагүй, унадаг дугуйгаар ажлаа амжуулж, энгийн хямдхан гар утас хэрэглэсээр ирсэн байна. Мацүбара "Өнөөдөр бол би мөнгөний төлөө биш, харин бие эрүүл, эрч хүчтэй, сэтгэл санаа өөдрөг байхын тулд цэвэрлэгч хийж байна. Өглөө бүр хариуцсан талбайгаа цэвэрлэчихээд харж суухад сайхан байдаг. Би хөрөнгө чинээгээрээ гайхуулахгүйгээр зүгээр л сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг хүн. Миний зорилго бол өдөр бүр ажилтай, эрүүл байх явдал юм" гэжээ. Мацүбара гуайн тухай мэдээ гарснаас хойш цахим орчинд залуусын дунд “Цэвэрлэгчийг бүү басамжил. Нууц саятан байгаа ч юм билүү” гэсэн үг дэлгэрчээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.