ОХУ дайнд морьт цэрэг оруулна

ОХУ дайнд морьт цэрэг оруулна


   ОХУ-ын Украинд хийж буй довтолгоо мухардалд орсон энэ үед тус улс морьт цэрэг сургаж, фронтын шугамын дагуу байрлуулж эхэлсэн тухай Их Британийн өдөр тутмын "The Telegraph" сонин мэдээлэв. Тодруулбал, Украины зүүн хэсгийн Донецк мужид тулалдаж буй Оросын 51 дүгээр армийн 9 дүгээр бригадын "Шуурган дайчид" ангийн командлагч морин довтолгооны багийг сургаж байгаа аж. Энэ бол Украины дрон, мина, их бууны эсрэг Оросын армийн авч хэрэгжүүлж буй технологийн хариу арга хэмжээ хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Оросыг дэмжигч, цэргийн блогч Семён Пеговын ажиллуулдаг “War Gonzo“ нэртэй “Telegram” сувагт нийтэлсэн дүрс бичлэгт орос цэргүүд морьтой давхиж буйг харуулжээ. Бичлэгт хоёр цэрэг нэг морь унан давхиж, нэг нь морио жолоодож байхад нөгөө нь тулаанд бэлтгэж байгаа байдал харагдах бөгөөд дээгүүр нь дронууд нисэлдэнэ. Энэхүү сургалт нь цэрэг, морь хоёрыг хоёуланг нь сургах, ялангуяа байлдааны талбарт морьдыг буун дуу, дэлбэрэлтээс үргэж цочихгүй болгох зорилготой гэж С.Пегов тайлбарласан байна. Тэрбээр "Морь бол шөнийн хараа сайтай, тулааны үед машин техник шиг заавал замаар явах шаардлагагүй, зөнгөөрөө өөрөө замаа олдог. Удахгүй бид Оросын морин цэрэг эргэн ирж буй түүхэн үйл явдлын гэрч болно” гэжээ. Оросын арми өмнө нь Украины дроны аюулын эсрэг мотоциклийн анги байгуулж байсан юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн жил нэвтрүүлсэн энэ тактик төдийлөн амжилт олоогүй билээ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.