"Шимпанзегийн эх" таалал төгсөв

"Шимпанзегийн эх" таалал төгсөв


   Амьтан судлаач, байгаль орчны идэвхтэн доктор Жэйн Гүүдолл 91 насандаа таалал төгсөв. Түүний байгуулсан “Жэйн Гүүдолл хүрээлэн албан ёсны Instagram хуудсандаа "Доктор Ж.Гүүдолл аравдугаар сарын 1-ний өдөр таалал төгсөв. Тэрбээр мэргэжлийн лекц уншихаар АНУ-ын Калифорнид ирээд байсан юм" гэжээ. "Washington Post", Францын "Le Monde" зэрэг сонинууд "Орчин үеийн шинжлэх ухаанд онцгой гавьяа байгуулж, тодоос тод ул мөрөө үлдээсэн эрдэмт хатагтай өөд болжээ” хэмээн мэдээлсэн байна.

   Их Британид төрсөн доктор Ж.Гүүдолл 1960-аад онд Танзанийн баруун хэсгийн Гомбе мужид суурьшин амьдарч, зэрлэг шимпанзе судалж эхэлсэн бөгөөд улмаар амьтдын зан байдал, амьдрах орчныг судлахад бүх амьдралаа зориулжээ. Ж.Гүүдолл Кэмбрижийн их сургуульд амьтдын зан төлөвийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд 1977 онд зэрлэг ан амьтдын амьдрах орчныг хамгаалах зорилгоор “Жэйн Гүүдолл судалгааны хүрээлэнг байгуулсан байна. Зэрлэг шимпанзе нь хүнтэй хамгийн төстэй, тухайлбал хүн шиг багаж зэвсэг хийж, ашиглаж чаддаг болохыг тогтоосон түүний судалгаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд Америкийн шинжлэх ухааны National Geographic сэтгүүлд хэвлэгдэж, түүнийг "Шимпанзегийн эх" хэмээн алдаршуулсан билээ. Тэрбээр “Хүн бол арай илүү ухаантай сармагчин юм. Нөгөө талаар хүнийг дэлхий дээрх хамгийн ухаантай амьтан гэж ярьдаг ч хамгийн их хор хөнөөл таригч юм" гэсэн байдаг. 2002 онд тэрбээр НҮБ-ын Энхтайвны элчээр томилогдож, улмаар 2021 онд хүн төрөлхтний оюун санаа, үнэт зүйлсийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог Тэмплтоны шагнал (Templeton Prize)-ыг хүртэж байв. Мөн өнгөрсөн нэгдүгээр сард АНУ-ын иргэний дээд шагнал болох Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одонг хүртжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.