Хятадын шүүх “Wanda” группийн ерөнхийлөгчийн тансаг хэрэглээг хязгаарлав

Хятадын шүүх “Wanda” группийн ерөнхийлөгчийн тансаг хэрэглээг хязгаарлав


   Нэгэн цагт Хятадын хамгийн чинээлэг хүн, үл хөдлөх хөрөнгийн магнат байсан “Wanda” группийн ерөнхийлөгч Ван Жяньлиний тансаг хэрэглээг хязгаарласан шүүхийн шийдвэр гарсан байна. Энэ шийдвэрээр түүнийг бизнес ангиллын онгоцоор нисэх, галт тэрэгний дээд зэрэглэлийн суудлаар зорчих, үнэтэй зочид буудал захиалах, гольф тоглох, үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хүүхдүүдээ хувийн сургуульд элсүүлэх, гадаадад аялах зэргийг хоригложээ. Хятадын эдийн засгийн мэдээллийн "Caixin" сэтгүүлд бичсэнээр, өнгөрсөн 25-ны өдөр Ганьсу мужийн дунд шатны шүүх 186 сая юанийн өр төлбөрөө төлж чадахгүй байгаа “Wanda” групп болон түүний гурван салбар компанийн хууль ёсны төлөөлөгчдийн тансаг хэрэглээг хязгаарласан захирамж гаргасан бөгөөд Ван Жяньлинь үүнд багтжээ. Хятадад өр барагдуулах үүргээ биелүүлээгүй иргэдийн хэрэглээнд шүүхээс хязгаар тогтоодог систем бий. Харин тус группийн төлөөлөгч хэвлэлд өгсөн ярилцлагадаа, шүүхийн шийдвэрийг алдаатай хэмээн мэдэгджээ. Ван Жяньлинь нь 2013 онд Хятадын хамгийн баян 100 хүний ​​жагсаалтыг тэргүүлж байсан бол 2015 онд 260 тэрбум юанийн хөрөнгөөрөө мөн л тэргүүн байранд бичигдэж, 2016 оноос хойш Алибаба-г үндэслэгч Жэк Матай өрсөлдөж байсан билээ. Гэсэн хэдий ч Хятад улс технологийн бизнесийг илүүтэй дэмжиж, үл хөдлөх хөрөнгийн салбарыг чухалчлахаа больсон нь Ван Жяньлинийг дампуурахад хүргэсэн гэж мэргэжилтнүүд үзэж байна. 2021 онд эрх баригчид томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниудад чиглэсэн санхүүгийн зохицуулалтыг ихээхэн өргөжүүлжээ. Үүний улмаас орон нутгийн засаг захиргаатай хамтран олон байршилд томоохон худалдааны төвүүд барьж байсан Ван Жяньлинь хямралд нэрвэгдсэн байна. Үүний дараа үл хөдлөх хөрөнгийн зах зээл COVID-19 цар тахлын үр дагавраас болж уналтад оров. Төрийн өмчит үл хөдлөх хөрөнгийн компаниуд банкны тусламжаар тэсч үлдсэн ч хувийн компаниуд уналтад орж дефолт зарласан байна. “Wanda” групп мөн адил 2023 оноос эхлэн хямарч, Ван Жяньлиний хөрөнгө 20 тэрбум юань болтлоо буурчээ.

   Хятадын шүүхийн өр төлбөр барагдуулах систем нь мөнгөө зөвхөн амьжиргааны болон ажлын зайлшгүй зардалд зарцуулах боломжийг өртэй иргэдэд олгодог. Энэ нь 2010 онд гаргасан "Өндөр зардал гаргахыг хязгаарлах журам"-д үндэслэдэг бөгөөд үүнд хамрагдсан хувь хүн, бизнесийнхэнд дээд зэрэглэлийн онгоц, тансаг ангиллын галт тэргээр зорчихыг хориглодог аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.