Зураач Клод Монегийн нэгэн бүтээлийн түүх

Зураач Клод Монегийн нэгэн бүтээлийн түүх


   1883 онд Францын алдарт зураач, импрессионизмыг үндэслэгч Клод Моне (1840-1926) Нормандийн жижиг тосгон Живерни руу нүүжээ. Тэрбээр байрны түрээсийн төлбөрөө төлж дийлэхгүй болсны улмаас найман хүүхдээ дагуулан ийнхүү Парисаас явсан нь тэр байв. Живерни бол далайн зөөлөн уур амьсгалтай, жилийн турш хур тунадас ордог, байгалийн үзэсгэлэнтэй тосгон юм. Хамгийн гол нь байрны түрээсийн үнэ хямд байсан тул алдарт зураач ийнхүү уг тосгоныг зорьсон байна. 1890 оны зун К.Монегийн хөршүүд хурааж авсан үр тариагаа бороо, чийгээс хамгаалах зорилгоор бухалдан, сүрлээр хучсан байв. Зураач өндөр өндөр бухлыг ажиглаж байхдаа бухлын өнгө, гэрэл цаг мөч бүрд өөр өөр болж буйг анзаарчээ. Ингээд зотон бэлдээд, цэлмэг ба бүрхэг өдөр бухлын өнгө гэрэл хэрхэн өөрчлөгдөж буйг зурах гэж оролдсон байна. Гэтэл цэлмэг өдрүүдэд ч өнгө нь байнга хувирч байгааг олж мэдээд, байгалийн өнгө зунаас өвөл хүртэл хэрхэн өөрчлөгдөж буйг буулгахаар болжээ. Улмаар зургийн хэрэгслээ дорвитой базаагаад тариан талбайд руу гарч агшин бүрийн өнгө гэрлийг алдалгүй зурсаар байв. 1891 оны тавдугаар сард, улирал бүрийн гоёмсог өнгийг буулгасан арван таван зургаа худалджээ. Үүний ачаар К.Моне түрээслэн сууж байсан байраа, улмаар ойролцоох цэцэрлэгт хүрээлэн, усан сараана цэцгээр дүүрсэн цөөрмийг худалдан аваад, насан туршдаа тэндээ амар тайван сууж уран бүтээлээ туурвисан гэдэг.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.