Хятад: Авлига авсан төрийн сайдад цаазын ял оноов

Хятад: Авлига авсан төрийн сайдад цаазын ял оноов


   Авлигын хэргээр албан тушаалаасаа огцорсон Хятадын Хөдөө аж ахуйн сайд асан Тaн Жэньжян 268 сая юанийн авлига авсан хэрэгт буруутай нь нотлогдож, цаазаар авах ялаар шийтгүүлэв. CCTV телевизийн мэдээлснээр, Гирин мужийн Чанчунь хотын дунд шатны шүүх анхан шатны шүүх хурлаараа сайд асан Танд цаазаар авах ял оноосон ч гүйцэтгэлийг хоёр жилээр түдгэлзүүлсэн байна. Цаазаар авах ялыг хойшлуулах нь ялыг бүх насаар нь хорих ял болгон бууруулах боломж олгодог Хятадын шүүхийн тогтолцооны нэг хэлбэр юм. Мөн шүүхээс түүний улс төрийн эрхийг бүх насаар нь хасч, бүх хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ. Тэрбээр гэмт хэргээс олсон ашгаа улсын санд буцаан төвлөрүүлэх ёстой бөгөөд дутууг нь төлж барагдуулах үүрэг хүлээнэ. Тэрбээр 2007-2024 онд Санхүүгийн удирдлагын төв газрын дэд захирал, Ганьсу мужийн дарга, Хөдөө аж ахуйн сайд зэрэг өндөр албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, холбогдох байгууллага, хувь хүмүүст төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ажил үүрэгт нь тохируулан туслах нэрийдлээр авлига авсан нь тогтоогдсон байна. Хээл хахуулийн хэмжээ онц их байж, улс, ард түмний эрх ашигт онц ноцтой хохирол учруулсан тул цаазын ял оноох нь зүйтэй хэдий ч авлига авахаар завдсан тохиолдол хэдэнтээ байсан, мөн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, гэмшиж байгааг харгалзан ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн болохыг шүүх онцолжээ. Тан албан тушаалаа хашиж байхдаа буюу өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөгдөж эхлээд, 11 дүгээр сард намын гишүүнчлэл болон төрийн албан тушаалаас чөлөөлөгдөж, улмаар баривчлагдсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.