Марокко улсад Z үеийнхний жагсаал өрнөж байна
Марокко улсад Засгийн газрын эсрэг шинэ үеийн залуучуудын манлайлсан жагсаал 11 хотод нэгэн зэрэг болж байна. Залуус авлигыг буруушааж, эрх баригчид эрүүл мэнд, боловсролыг үл тоомсорлож, төсвөө зөвхөн олон улсын спортын арга хэмжээнд чиглүүлж байгааг хатуу шүүмжилжээ. Жагсагчид "Манайд сайхан цэнгэлдэх хүрээлэн байна. Харин эмнэлэг хаана байна?" хэмээн асууж, 2030 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээн зэрэгт зарцуулж буй мөнгө улам нэмэгдэж, төрийн үйлчилгээ улам дордож байгааг жишээ болгон шүүмжилж байна. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, цагдаа нар Рабат, Марракеш зэрэг томоохон хотуудад жагсагчдыг тарааж, Касабланка зэрэг хэд хэдэн хотод олон арван хүнийг баривчилсан байна. Энэ удаагийн эсэргүүцлийн жагсаал нь улс төрийн намууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн удирддаг улиг болсон хуучин үеийн жагсаал цуглаануудаас ялгаатай, Z үеийнхэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан зохион байгуулсан "удирдагчгүй хөдөлгөөн" юм. "Generation Z 212", "Мароккогийн залуучуудын дуу хоолой" зэрэг бүлгүүд тайван жагсаалыг “TikTok” болон “Discord" сүлжээнд хуваалцсан мессежүүдээр дамжуулан үндэсний хэмжээний цуглаан болгож байгаа бол зарим дэмжигчид илүү түрэмгий уриа лоозон дэвшүүлжээ. Ерөнхий сайд Азиз Аканноух эмнэлэг барих, эрүүл мэндийн зардлыг нэмэгдүүлэхээр чармайж байгаагаа тайлбарласан ч жагсагчид Эрүүл мэндийн сайд, эмнэлгийн дарга нар болон бусад өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцохыг шаардаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







