Д.Трамп 88 жилийн өмнө сураггүй болсон нисгэгч бүсгүйн мэдээллийг ил болгохыг тушаажээ

Д.Трамп 88 жилийн өмнө сураггүй болсон нисгэгч бүсгүйн мэдээллийг ил болгохыг тушаажээ


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп одоогоос 88 жилийн өмнө дэлхийг тойрох аялалд гараад сураггүй алга болсон нисгэгч Амелиа Эрхарт (1897-1937)-тай холбоотой мэдээллийг олон нийтэд ил болгохыг тушаажээ. А.Эрхарт бол 1928 онд Атлантын далайг онгоцоор хөндлөн гулд туулсан анхны эмэгтэй нисгэгч юм. Д.Трамп олон нийтийн сүлжээний TruthSocial хуудсан дээрээ "90 шахам жилийн өмнө баатарлаг эмэгтэй сураггүй алга болсон явдал сая сая хүмүүсийн анхаарлыг татсаар ирсэн. Би А.Эрхартын сүүлийн нислэгтэй холбоотой бүх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болгохыг үүрэг болгож байна" гэжээ. Мөн "А.Эрхарт бол нисэхийн салбарын анхдагч, Атлантын далай дээгүүр амжилттай ниссэн анхны эмэгтэй бөгөөд бусад олон амжилтыг гаргаж байв. Тэрбээр дэлхийг тойрон ниссэн анхны эмэгтэй болохыг зорьж аялалд гараад сураггүй болсон. Холбоо тасрахаасаа өмнө замынхаа дөрөвний гурвыг туулаад байсан" гэсэн товч мэдээлэл өгчээ. Канзас мужийн уугуул А.Эрхарт “First Lady of the Sky” буюу "Агаарын анхны хатагтай" хэмээх хүндлэлийг хүлээж байсан тэр цаг үед хүмүүс шинэ төрсөн охидоо Амелиа гэж нэрлэх үзэгдэл түгээмэл болж байв. 1937 оны долоодугаар сарын 2-ны өдөр тэрбээр 40 настайдаа нисэгч Фрэд Нүүнантай хамт экваторыг даган нисч яваад сураггүй болжээ. Тэд Шинэ Гвинейгээс хөдөлж, Хоуланд арлыг зорьж явахдаа холбоо барьж "Түлш бага, эх газар харагдахгүй байна" гээд холбоо тасарсан байна. Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн тушаалаар тэднийг 16 хоногийн турш хайсан ч олоогүй юм. А.Эрхарт, Ф.Нүүнан нарын хувь заяа хэрхсэн талаар олон таамаг бий. 2017 оны баримтат кинонд тэднийг Маршаллын арлуудад осолдож тэндээ нас барсан гэсэн таамаг дэвшүүлсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.