Данийн ерөнхий сайд Гренландын уугуул иргэдийн гэрт зочилж уучлал гуйв

Данийн ерөнхий сайд Гренландын уугуул иргэдийн гэрт зочилж уучлал гуйв


   Гренланд бол дэлхийн хамгийн том арал бөгөөд Хойд туйлын тойрогт хамаардаг өргөн уудам газар нутагтай бүс юм. Байгалийн баялгаар арвин энэ арал үеийн үед хүчирхэг гүрнүүдийн анхаарал татсаар ирсэн бөгөөд газарзүйн хувьд Хойд Америктай хиллэдэг боловч өнөөг хүртэл Хойд Европ дахь Данийн автономит нутаг хэвээр байна. Үнэндээ бол Норвегитой илүү ойрхон оршдог энэ нутаг хэрхэн Данийн эзэмшил болсон бэ? Үүний шалтгааныг Европын үндэстнүүдийн уналт, сэргэлтийн түүхээс харж болно. Норвегийн судлаач Эрик Рэд Х зууны сүүлчээр Гренландыг нээжээ. Улмаар өвс ургамал сайтай өмнөд хэсэгт нь суурьшиж, "Гренланд" буюу “Ногоон бүс” гэж нэрлээд зориудаар хүмүүсийг татах гэж оролдсон гэдэг. 1380 онд Дани, Норвеги хоёр нэгдсэн улс болох үед Норвегийн харьяанд байсан Гренланд аажмаар Данийн нөлөөнд оржээ. Наполеоны дайны дараа буюу 1814 онд Дани-Норвегийн хамтын нөхөрлөлийг татан буулгасны дараа Норвеги нь Шведэд нэгдэж, Гренланд арал Данийн нутаг болж үлдсэн байна. 1953 онд Дани улс Үндсэн хуулиа шинэчилж, Гренландыг колони биш өөрийн үндсэн газар нутаг гэж албан ёсоор томьёолжээ. Арлыг нээхээс өмнө энд уугуул инуит үндэстэн аж төрдөг байсан бөгөөд одоогийн байдлаар Гренландын 57 мянга орчим хүн амын 80-90 хувийг эзэлж байна. Гренландыг өөрийн нутаг дэвсгэр болгон албан ёсоор нэгтгэсний дараа Дани улс уугуул иргэдийг уусгах бодлогыг тууштай баримталж, энэ үйл явц нь хүний ​​эрхийн олон зөрчил, ялгаварлан гадуурхах үйлдэл болж түүхэнд тэмдэглэгдсэн юм. Үүний тод жишээ бол уугуул иргэдэд чиглэсэн жирэмслэлтээс албадан хамгаалах арга хэмжээ байв. 1960-аад оны сүүлчээс эхлэн Дани улс Гренландын хүн амын өсөлтийг бууруулах үүднээс 4500 орчим инуит эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл албадан суулгасан байна. Өнгөрсөн жил энэ асуудлыг гарган тавьж 143 уугуул эмэгтэй Данийн Засгийн газраас 8.5 сая долларын нөхөн төлбөр нэхэмжилсэнээр энэ үйл явдал олон нийтэд ил болсон билээ.

   Данийн ерөнхий сайд Метте Фредериксен өчигдөр Гренландын нийслэл Нуук хотод айлчилж, хохирогчдоос албан ёсоор уучлалт гуйсан байна. Данийн Засгийн газар өнгөрсөн сард мөн албан ёсоор уучлалт гуйсан бөгөөд энэ удаа ерөнхий сайд хохирогчдын гэрт зочилжээ. Хохирогч болсон нэгэн эмэгтэй энэ талаар дурдахдаа “Нүүр тулан уулзаж уучлалыг өөрийн чихээр сонсох нь илүү дээр байлаа. Одоо би үзэн ядалт, уур хилэн, аливаа сөрөг зүйлд автахгүйгээр амьдарч чадахаар болсон” гэжээ. Гренланд нь 2009 онд Даниас гадаад харилцаа, батлан ​​хамгаалахаас бусад бүх автономит эрхийг авсан. Гэсэн хэдий ч эдийн засгийн хувьд Даниас ихээхэн хамааралтай хэвээр байгаа тул тусгаар тогтнолоо зарлана гэдэг боломжгүй зүйл хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Дани улс Гренландтай харилцаагаа сайжруулахын тулд шаргуу ажиллаж байгаа бөгөөд шударгаар уучлалт гуйсан нь үүний нэг жишээ юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.