Д.Трамп: Украин улс алдсан газар нутгаа эргүүлэн авах бүрэн боломжтой

Д.Трамп: Украин улс алдсан газар нутгаа эргүүлэн авах бүрэн боломжтой


   НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йоркт айлчилсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цахим хуудсан дээрээ "Украин улс НАТО болон Европын дэмжлэгтэйгээр, алдсан газар нутгаа эргүүлэн аваад зогсохгүй, магадгүй түүнээс ч ихийг олох боломжтой" гэж бичжээ. Мөн тэрбээр Оросыг шүүмжилж, “Ямар ч зорилгогүй гурван жил хагас дайн хийж “цаасан бар” болохоо харууллаа” гэсэн байна. Үүний дараахан В.Зеленский “Fox News”-т өгсөн ярилцлагадаа Д.Трампын үгэнд баяртай байгаагаа илэрхийлж "Энэ бол асар том өөрчлөлт. Ерөнхийлөгч Д.Трамп бид хоёрын харилцаа илүү сайн байгаа” гэжээ. Д.Трамп олон нийтийн сүлжээнд дээрх мэдэгдлийг хийхээсээ өмнө В.Зеленскийтэй хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Украиныг дэмжиж буйгаа янз бүрээр илэрхийлж, Украины армийг "эр зоригтой агуу дайчид" хэмээн магтаад "Бид тэдэнд хүндэтгэл үзүүлэх ёстой" гэсэн юм. Сэтгүүлч “Оросын цэргийн нисэх онгоцууд НАТО-гийн агаарын орон зайд нэвтэрсэн тохиолдолд түүнийг сөнөөх ёстой гэж та үзэж байна уу?” гэж асуухад тэрбээр "Тийм" гэж товчхон хариулсан байна. Д.Трампын Украины дайныг хурдан дуусгах зорилго нь бүтэлгүйтэж, В.Путинд хандах хандлага нь урам хугарал, уур хилэн болж хувирсан тул ийм алхам хийж эхэлсэн тухай мэргэжилтнүүд хэлж байна. Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээс эхлэн тэрбээр В.Путинд сэтгэл дундуур байгаагаа хүчтэй илэрхийлэх болсон юм. Улмаар Орост үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүүлж, Оросын түүхий нефтийг худалдан авч буй улс орнуудад хориг тавихаа мэдэгдэх болсон. Мөн Украинд АНУ-ын зэвсгийг үргэлжлүүлэн нийлүүлэх бодолтой байгаагаа шуудхан илэрхийлэх болсон юм.

   Европын холбоотнууд нь Д.Трампын хэлсэн үгийг талархан хүлээн авчээ. Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас "Ерөнхийлөгч Д.Трампын өнөөдрийн хэлсэн үг бүгд зөв" гэжээ. Харин ОХУ дээрх мэдэгдлийн ач холбогдлыг багасгахыг оролдож, тухайлбал НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгч "Олон нийтийн сүлжээний элдэв үг болгонд догдлох шаардлагагүй" гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.