Египет: “Арабын хавар” хөдөлгөөний удирдагч шоронгоос суллагдав
2011 онд өрнөсөн “Арабын хавар” эсэргүүцлийн хөдөлгөөний дараа шоронд хоригдсон Египетийн ардчиллын төлөө тэмцэгч Алаа Абдель Фаттах суллагджээ. Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси түүнийг суллах тушаалд гарын үсэг зурсан тухай CNN өнөөдөр мэдээлсэн байна. Мөн Абдель Фаттахийн эгч Мона дүүгээ суллагдсан гэдгийг баталж, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж буй зургийг X (хуучнаар Твиттер) хуудсанд нийтлэн "Алаа эрх чөлөөтэй боллоо" гэсэн тайлбар хийжээ. "Арабын хавар"-ын үеэр Абдель Фаттах өөрийн блог болон олон нийтийн сүлжээн дэх нийтлэлүүдээрээ тухайн үеийн ерөнхийлөгч Хосби Мубаракийг огцруулахад онцгой хувь нэмэр оруулж, Египетийн ардчилсан хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон хэдий ч ихэнх цагаа шоронд өнгөрөөсөн юм. Хамгийн сүүлд тэрбээр 2021 онд худал мэдээлэл тараасан хэргээр таван жилийн хорих ял сонссон ажээ. Өнгөрсөн хугацаанд Абдель Фаттахийн гэр бүл, Египетийн иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэг, тэр дундаа Их Британийн Засгийн газар түүнийг суллахыг шаардсаар ирсэн бөгөөд ээж Лайла Суэйф нь хүүгээ суллахыг шаардан өлсгөлөн зарлаж байв. Өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын шинжээчид Абдель Фаттахийг сүүлийн 14 жил хорих ял эдэлж байгааг онцолж, түүнийг суллахыг уриалсан юм. Харин өнгөрсөн 9-ний өдөр ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси Египетийн Үндэсний зөвлөлийн хүсэлтийг хүлээн авч, Абдель Фаттах нарын зургаан хоригдлыг өршөөх зарлиг гаргажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер ерөнхийлөгчийн өршөөл үзүүлснийг талархан хүлээн авсан байна. Учир нь Абдель Фаттах 2021 онд хоригдож байхдаа Их Британийн иргэншил авсан ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







